Булчин сулрах өвчтэй хүн Японы Дээд танхимын гишүүнээр сонгогдлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-07-31 12:57:22

ТОКИО. /NHK/. Японы Парламентын Дээд танхимд булчин сулрах өвчтэй хүн гишүүнээр сонгогдсон нь түүхэндээ анхны тохиолдол боллоо.


Өдгөө 61 настай сувилалын газрын дэд ерөнхийлөгч Ясухико Фунаго нь төв мэдрэлийн тогтолцооны эсийн саажилт өвчтэй бөгөөд түүний биеийн хүзүүнээс доош хэсэг бүхэлдээ саажилттай аж. Хөгжлийн бэрхшээлтэй хоёр хууль тогтоогчийн нэг болсон Ясухико Фунаго Японы парламентын дүр төрхийг өөрчлөхөд нөлөө үзүүлж байна хэмээн "NHK" агентлаг мэдээлсэн байна. 


Фунагогийн хүсэл зорилгоо бодит болгохыг харах таатай байна. Фунаго сул дорой харагдаж байгаа хэдий ч хэн хүнээс илүү урам зоригтой байдаг гэдэгтээ итгэдэг нэгэн юм” хэмээн Фунагог дэмжигчдийн нэг түүнийг сонгуульд ялсанд нь баярлаж байгаагаа илэрхийлэн мэдэгджээ. Фунаго 40-өөд настай байхдаа төв мэдрэлийн тогтолцооны эсийн саажилт өвчтэй болох нь тогтоогдож, ярих, хөдлөх зэрэг чадвараа аажмаар алдсан байна.  


Хөдлөхийн тулд түүнд хиймэл амьсгалын аппаратаар тоноглогдсон тэргэнцэр шаардлагатай бөгөөд дэргэд нь сувилагч эсвэл асран халамжлагч байх шаардлагатай гэнэ.  


Сонгуулийн кампанит ажлын үеэр тэрбээр хэлэх үгээ шүдэнд нь холбогдсон төхөөрөмжийн тусламжтай тэмдэглэж, өөр нэгэн түүний үгийг бусдад дамжуулан илэрхийлдэг байсан аж. Ийм байдлаар үгээ хэлэх нь ихээхэн хугацаа шаарддаг хэдий ч Фунаго долоо хоногт хоёр удаа иргэдийн өмнө сонгуулийн үүрэг амлалт өгч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсролын салбарт хийх шинэчлэлийнхээ талаар тайлбарлаж байжээ.


Фунаго Японы Парламентын гишүүнээр сонгогдсон булчин сулрах өвчтэй анхны хүн юм. Японы хууль тогтоогчид ихэвчлэн нэгдсэн хуралдаан болон хорооны уулзалтуудад оролцох шаардлагатай байдаг учир богино хугацаанд уулзалтын нэг өрөөнөөс нөгөө рүү дамжих, шатаар өгсөж уруудах нь олонтоо байдаг аж.


Дэмжлэг, тусламж шаардлагатай болсон анхны гишүүн Фунаго биш юм. 1977 онд болсон сонгуульд ялж, парламентын Дээд болон Доод танхимын гишүүнээр 28 жил ажилласан Ейта Яширо мөн тэргэнцэртэй парламентын гишүүн байжээ. Тухайн үед хууль тогтоогчид хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн тулд босож зогсдог байсан бол Яширо гараа өргөдөг байсан гэнэ.


Японд хамгийн сүүлд болсон сонгуулийн дараа Дээд танхимын хорооны удирдлага ордны гол хаалганы дэргэд хөгжлийн бэрхшээлтэй хууль тогтоогчдод зориулсан тусгай орон зай гаргах шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн асран халамжлагчдад нэгдсэн хуралдааны үеэр хууль тогтоогчийн нэрийн өмнөөс санал өгөхийг зөвшөөрчээ. 

Холбоотой мэдээ