“Торгоны зам”-аас “Төгөлдөршлийн зам”-аар дэвжиж буй Шинжаан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
munkhtuul@montsame.gov.mn
2019-07-31 10:42:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   БНХАУ-ын ШУӨЗО-оор  аялсан тэмдэглэл 

Уйгур идээ ундаа

“Сайн хүн явснаа, муу хүн идсэнээ” гэдэг ч аливаа идээ ундаа нь тухайн үндэстний амьдрах ахуй, соёлын онцлогийг харуулдаг туляахын аргагүй дурдахаас өөр аргагүй юм. Сүүлийн үед мөн “хоолны соёл” ч гэж их ярьцгаадаг болсон байна. Шинжаан олон үндэстний орон болохоор тэндэхийн хоол хүнс, идээ ундаа нь мөн олон янзын өнгө төрх, амт шимттэй. Түүн дотроос хэдхэн онцлог бүхий идээ ундааг дурдья. 

Нан буюу гамбир-“Нан идэхгүй байснаас мах идэхгүй байсан нь дээр” гэсэн яриа байдаг.Эндээс манай монголчуудын махгүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй гэдэг шиг л нан нь уйгурчуудын амьдралын өдөр тутмын байнгын хэрэглээний идээ болох нь харагдаж байна. Амсаад үзэхэд ямар нэгэн гоц гойд амт байхгүй, энгийн хайрсан гурил мэт санагдах авч өртөг хямд, хийхэд амархан, хор шаргүй болоод ч тэр үү хүүхэд хөгшидгүй л идэцгээхийг Кашгар хотын Эртний хотын захаар явахад харж болно. Нэг нан нь 2,3 юань, цай нь 0,5 юань. Уйгур өвөгчүүл нь өдөртөө цайны газартаа цуглан цай ууж, нан идэж, нутгийн ороодог тамхи тамхилангаа хорвоогийн сонин сайхныг хуучлан сууцгаана. Энэ дүр зургаас энгийн мөртөө их амар амгаланг мэдрэх мэт.  

 



Сүүтэй цай нь өтгөвтөр, давстай тул манай баруун аймгийнхны цайны амттай төстэй. 


 Сүүн чихэр-сүүн бүтээгдхүүнээ ийнхүү савлаад зарж байсан ба үнэ нь тийм чхямд бус санагдсан.


 Өрөмчийн базаар дээр харин манай монголааруул, хуруудтай их төстэй ийм цагаан идээг олж харж билээ..

Нутаг ус ойр болоод ч тэр үү зарим идээ ундаа нь манай баруун аймгийхны л идэж уудагтай их төстэй мэт санагдав. 


Ширээний зүүн буланд зассан энэхүү “торгууд гөрмөл” боов бол манай баруун аймгийнхны гол идээ гэж хэлж болно. Ялангуяа цагаан сараар манай хотын зарим айл ч ширээн дээрээ зассан харагддаг. Тэгвэл Шинжаанд  ямар ч уйгур айлд зочилсон ширээн дээрээ “торгууд гөрмөл”-өөр таваг зассан байхыг олж харна.Хүссэн хэмжээгээр хугалаад идэх боломжтой, манайхэвийн боовыг бодвол илүү ”прагматик” санагдаж билээ. 



Плов буюу будаатай хуурга. Пловыг хийх арга технолог янз бүр болохоор амт нь бас өөр өөр байна.Тухайлбал, бидний зочилсон Карамай хотын иргэн Халида Ахмед гуайнд дайлуулсан плов миний амьдралдаа идэж байсан хамгийн амттай нь. Орцонд нь мах, лууван, сонгиноос гадна чавга, үзэм нэмсэн харагдана. Хамгийн гол нь амт нь салахын аргагүй. Адилхан  плов хийж иддэг Казахстаны сурвалжлагчаас хэрхэн амттай плов хийх талаар товчхон зөвлөгөө авахад нэгэн төрлийн “зира”гэх амтлагч хийдэг гэж билээ. Харин гэрийн эзэн Халида Ахмедаас асуухад энэ бол манай удмынхны нууц жор, тиймээс хүнд хамаагүй хэлж болохгүй гэж билээ.

Жимсний тухайд ярихад Шинжаан жимсний орон.Тарвас нь миний идэж байгаагүй хамгийн чихэрлэг амттай юм.Амтат гуа нь үнэхээр нэрэндээ тохирсон арааны шүлс асгарам.Жишээ нь, бидний аялсан хотуудын нэг Турфан хотыг усан үзэмгүйгээр төсөөлшгүй. Тэнд бараг айл бүр усан үзэм тариална. Эх газрын халуун уур амьсгалтай, зундаа жилийн дундаж хэм нь +35 хэмээс +40 хэм хол давдаг. Ийм нөхцөлд усан үзэм тариалахад нэн тохиромжтой аж.

Биднийг унаагаар давхиж байхад замын хоёр хажуу талын айлуудын байшингийн дээд давхарт нь тагт маягийн зүйл байх ба эргэн тойрны ханыг нь нүхэлсэн байхыг олж харав. Учир нь усан үзмийг нарны гэрлийн шууд тусгал дор хатаадаггүй тэдгээр олон нүхүүдээр нэвт салхилах салхинд, сүүдэрт хатаадаг юм байна. Хотын албаны хүний танилцуулснаар нийт хурааж авсан усанүзмийнхээ 1/3-ийг дарс нэрэхэд, 1/3-ийг хатааж үзэм болгоход, үлдсэн 1/3-ийг шинээр нь зарж борлуулдаг юм байна. Бас нэг сонин дуулгахад, хэт чихэрлэг усан үзэм их идвэл таргалуулдаг гэнэ. 

Турфаны усан үзмийн хүрээлэн дотор байхад хаашаа ч харсан усан үзэм модон сараалжаа ороон ургасан харагдана. Өлмийгөө жоохон л өргөөд гараа сунгахад хаанаас ч түүж идэх боломжтой. Дээр нь нарны хурц гэрлээс хамгаалсан аятайхан “сүүдрэвч” болчих тул доор нь суугаад хууч хөөрөнгөө гараа сунгаад л усан үзмээ амтархан идэж баймаар санагдаж билээ.

Улаан лоольны сорт маш олон янз байдаг ба үүн дотроос хамгийн сонирхолтой нь ногоон өнгийн сортны улаан лооль гэж байдгийг мэдэж авлаа.


 Брэнд эмчилгээ “Луун гал” төөнүүр

Хотон үндэстний өөртөө засах Чанжи жоу /засаг захиргааны нэгж/-д орших АУИС-ын харьяа эмнэлэг ардын эмчилгээг бүх тасгийн эмчилгээнд хавсран хэрэглэдэг аж. Түүний дотроос бидний анхаарлыг хамгийн их татсан  “Луун гал” хэмээх төөнүүр нь өдгөө тус эмнэлгийн нэгэн брэнд эмчилгээ болоод байна. Сармис, цагаан гаа, хятад эмийн ургамлын нунтаг зэргийгашиглан хийдэг дээрх эмчилгээний нэг удаагийн төлбөр нь 400 юань, 3-4 удаа хийж байж нэг курс болдог байна.Гол нь хүзүү сээрний үрэвсэл, үе мөч, нурууны өвдөлт, гэдэс гүйлгэх, уушигны ужиг өвчин, хий хуй дарах, эмэгтэйчүүдийн өвчин зэрэгт онцгой сайн эмчилгээ болдог. Ер нь л хүний биеийн эсэргүүцлийг ихээхэн сайжруулдаг гэж сувилагч нь нэмж тайлбарлав.

 


Гал асаж дууссаны дараа цогны халуун нь доош бууж байж л эмчилгээ сая эхэлдэг гэнэ.


 Өөр нэгэн төрлийн төөнүүр эмчилгээ.



Орчин үед хүзүү сээрний өвчинг шинжлэх ухаан техникийн ололтоор бүтээгдсэн иймэрхүү тоног төхөөрөмжөөр төөнөж эмчилдэг болжээ. 

Зочид бид ч мөн адил түргэн зуур массаж хийлгэж, бумба тавиулж, эмчилгээний ид шидийг өөрсдийн биеэр мэдэрч билээ. Хамаг  бие тавираад, нойр ихэд хүрсэн дээ...

Б.Мөнхтуул

Холбоотой мэдээ