Ахмад дипломатч Ц.Давагсүрэнд хүндэтгэл илэрхийлэв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-07-29 16:49:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч О.Очирмаа Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан тус улсад амьдарч байгаа ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Аугаа эх орны дайны ахмад дайчин Цэрэвийн Давагсүрэнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын мэндчилгээг уламжлан, ГХЯ-ны “Алтан гэрэгэ”, алд цэнхэр хадаг  гардуулав.


Ц.Давагсүрэн гуай талархал илэрхийлсэн үгэндээ “Эх орноос минь ахмад зүтгэлтэн бидэнд санаа тавин уулзаж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Монгол, Оросын олон жилийн ган бат барилдлагатай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дипломат алба чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэхүү харилцааг цаашид түших ЭСЯ-ны хамт олон болон нийт гадаад харилцааны ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье” гэв.


Ахмад дипломатч Ц.Давагсүрэн нь 1923 оны 5 дугаар сарын 15-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн юм. 1944-1946 онд Монголын Ардын Армид алба хаахдаа Цэргийн төв хэвлэл “Улаан Од” сонинд утга зохиолын ажилтан, 1946-1964 онд Намын төв хорооны зааварлагч, тасаг, сектор болон хэлтсийн эрхлэгч, 1964-1971 онд Бүгд найрамдах Чехословак Улсын Прага хотод “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлийн газарт МАХН-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Мөн 1978-1981 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1981-1984 онд ЗХУ-ын Москва хотод Удирдлагын асуудлыг судлах олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар тус тус ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарчээ. 1957-1961 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцаж эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байна.


Аугаа эх орны дайны ахмад дайчин, ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэвийн Давагсүрэн гуай өдгөө ОХУ-ын Москва хотын Ясенево дүүрэг дэх эх орны дайны ахмад дайчдын хотхонд амьдарч байна.

Холбоотой мэдээ