Абэ Шинзо уяман өвчтэй хүмүүсээс уучлал гуйв

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-26 11:28:31
Yesukheitumur Tumurbaatar
ТОКИО. /Kyodo/. Өнгөрсөн хугацаанд уяман өвчтэй хүмүүсийг нийгмээс тусгаарлах бодлого баримталж ирсэн Японы Засгийн газрын үйл ажиллагааны өмнөөс Ерөнхий сайд Абэ Шинзо лхагва гарагт уучлал гуйжээ.

А.Шинзо уяман өвчтэй хүмүүсийн гэр бүлийнхэнтэй уулзах үеэр хэлэхдээ, “Урт удаан хугацааны хүнд, бэрхийг даван туулсан та бүхнээс Ерөнхий сайд болон Засгийн газрыг төлөөлж байгаагийн хувиар гүнээ хүлцэл өчье. Аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхлыг арилгахад Засгийн газар та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн” гэжээ. 

Японы Засгийн газар Кумамото дүүргийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, хохирлын нэхэмжлэл гаргасан 561 хүний 541 нэхэмжлэлд улсаас 3.47 сая ам.долларын нөхөн олговорыг олгохоор шийдвэрлэжээ.

1907-1996 оны хооронд төрийн эрх барьж байсан мэдэлтнүүд уяман өвчтөнтэй хүмүүсийг нийгмээс тусгаарлах бодлого баримталж байснаас гадна өвчтнүүдийн гэр бүлийнхэн ч мөн ялгаварлан гадуурхалд өртдөг байсан аж. Гэвч сүүлийн үед Япон улс уяман өвчтэй хүмүүст нөхөн олговор олгох тогтолцоог аль хэдийн бий болгосны зэрэгцээ 2001 онд Ерөнхий сайд Жуничиро Коизуми ийм өвчтэй хүмүүсийг нийгмээс тусгаарлах бодлого баримталж байсандаа уучлалт гуйж байжээ.

Холбоотой мэдээ