Их Британийн сайд нар огцрох тухайгаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /TASS/.
Их Британийн Сангийн сайд Филип Хаммонд албан тушаалаасаа огцрох тухай өргөдлөө
өгчээ. Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт буюу Их Британийн Ерөнхий сайд Тереза
Мэйг огцрохоос өмнө өргөдлөө илгээсэн байна. Энэ тухайгаа Филип Хаммонд “Твиттер”
хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“Таныг Ерөнхий
сайдын албан тушаалаасаа огцрохоос өмнө Сангийн сайдын албан тушаалаасаа огцрох
тухай өргөдлөө танилцуулахаар би энэхүү захидлыг бичиж байна. Таны залгамж
халаа улс төрийн чиг баримжаатай нь бүрэн санал нэгдэх Сангийн сайдыг сонгох
эрхтэй байх ёстой гэж би үзэж байна” хэмээн тэрбээр Т.Мэйд хаягласан захидалдаа
дурджээ.
Тереза Мэйг
огцрохоос өмнө албан тушаалаа хүлээлгэн өгнө гэдгээ Хаммонд энэ сарын 21-нд
мэдэгдсэн юм. Хэргийн учир нь гэрээгүйгээр “Brexit”-ийг хэрэгжүүлэхийг Хаммонд
эсэргүүцэж байгаа бол эрх баригч Консерватив намын шинэ даргаар сонгогдсон Б.Жонсон
Их Британийг Европын Холбооноос гэрээгүйгээр гарч болзошгүй байгааг онцолсон
юм.
“Brexit”-ийг
гэрээгүйгээр хэрэгжүүлэх нь Их Британийн эдийн засагт 90 тэрбум хүртэлх фунт стерлингийн чирэгдэл учруулж болзошгүй бөгөөд Европын Холбооны эрх баригчдын явуулж буй худалдааны
бодлогод Их Британийн эрх баригчдын зүгээс үзүүлэх нөлөөг мэдэгдэхүйц хязгаарлана
хэмээн Филип Хаммонд өмнө нь мэдэгдэж байжээ. “Brexit”-ийн нөхцөлүүдийн талаарх гэрээгүйгээр
Их Британийг ЕХ-ноос гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Консерватив намын 30
депутатаас бүрдсэн бүлгийг Хаммонд тэргүүлж байсан аж.
Б. Жонсоныг
Ерөнхий сайдын албан тушаалдаа орохоос өмнө Хууль зүйн сайд Дэвид Гок мөн албан тушаалаасаа огцрох тухай
өргөдлөө Т.Мэйд илгээжээ.
"10 дугаар сарын
31-н гэхэд ЕХ-ноос гарахыг зэхэж буй Борис Жонсоны улс төрийн чиг шугамыг
харгалзан би
түүний Засгийн газрын гишүүн байхыг хүсэхгүй байна” хэмээн Дэвид Гок “Твиттер”
хуудсандаа тэмдэглэсэн
байна.
Бүрэн эрхийн
хугацаагаа дуусгавар болгох тухайгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
Дэвид Лидингтон мөн “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Борис Жонсон
Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж эхлэх болсонтой холбоотойгоор албан
тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн Их Британийн сайд нарын танхимын гишүүдийн тоонд
мөн Батлан хамгаалахын сайд Пенни Мордонт, Гадаад хэргийн сайд Жереми Хант,
Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн сайд Рори Стюарт, Гадаад худалдааны сайд
Лиам Фокс, Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн сайд Грег Кларк,
түүнчлэн Тээврийн
сайд Крис Грэйлинг, Боловсролын сайд Дамиан Хиндс, Бүс нутгийн асуудал эрхэлсэн
сайд Жейм Брокеншир, Хойд Ирландын асуудал эрхэлсэн сайд Карен Брэдли, Тоон
технологи, соёл, спорт, олон нийтийн хэвлэл мэдээллийн сайд Жереми Райт нар багтсан
байна.