“Хурд” хамтлагийнхан Увс аймагт ирнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор иргэдийг соён гэгээрүүлэх, залуучуудад зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой "Хурд" хамтлагийн санаачилсан соён гэгээрлийн “Хайртай” аян долдугаар сарын 27-ноос 28-нд Увс аймагт болно.
Энэ үеэр 21 аймгийн түүх соёлыг сурталчилсан нэвтрүүлгийн зураг авалт хийгдэх аж. Төслийн багийнхнийг угтан авах үйл ажиллагаа 27-ны 14 цагаас Ю.Цэдэнбалын талбайд болох тул иргэдийг үндэсний дээл хувцастайгаа ирж нээлтийн зураг авалтад оролцохыг урьж байгаа юм.
Энэ үеэр “Оюунлаг хэрсүү хүүхэд”, “Урмаар тэтгэе”, “Миний сайхан орон” аялал жуулчлалын контент, музей болон нутгийн авьяастны зураг авалт хийнэ. Харин маргааш нь “Эр хүний ноён нуруу” чин сэтгэлийн яриа болох бөгөөд үүнд цэрэг, цагдаа, ОБГ, хил, гааль зэрэг хүчний байгууллагуудын төлөөлөл болон ард иргэд оролцох юм.
“Хурд” хамтлагынхан 15-аас дээш насны хөвгүүдтэй Хилийн 0245-р ангид уулзалт хийх ба үүнд оролцох хүсэлтэй хөвгүүдийг аймгийн ЗДТГ-ын жижүүр болон /70452928/ утсаар бүртгэж мандат олгож байна.
Мөн тухайн өдөр “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сургалт аймгийн ЗДТГ-ын хоёр давхрын хурлын зааланд болох аж. Үдэш нь “Эх орны хийморь” Хурд хамтлагийн шоу цэнгүүн үргэлжилнэ.