З.Энхболд: 50 мянган иргэн нэгдэж улс төрийн нам байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-23 17:41:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн болон олон нийтийн саналыг тусгах үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын багийн төлөвлөгөөний дагуу Төрийн ордноо өнөөдөр “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт  хэлэлцүүлэг болов. 


Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан нарын албаныхан оролцлоо. Мөн хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намын удирдлагууд, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөлөл зэрэг 120 гаруй хүн санал бодлоо солилцлоо. 



Хэлэлцүүлгийн эхэнд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, УИХ нэг танхимтай, 108 гишүүнээс бүрдэх бөгөөд 54 гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, 54 гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор тус тус сонгохоор Ерөнхийлөгч төсөлдөө тусгажээ. 1992 онд Үндсэн хууль баталж байхад УИХ-ын  нэг гишүүн 25 мянган сонгогч төлөөлж байсан бол одоо манай улсын хүн амын тоо 1.2 саяар нэмэгдэж, нэг гишүүний төлөөлөх сонгогчийн тоо 43 мянгад хүрээд буйг тэрээр дурдсан. Түүнчлэн Үндсэн хуульд сонгуулийн тойргийн тогтолцооны асуудлыг тусгаснаар сонгуулийн хуулийг дөрвөн жил тутам өөрчилдөг байдлыг хааж өгнө хэмээн төсөл санаачлагч үзэж байгааг уламжилсан. Мөн УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгон өөрчлөхөөр тусгасан байна. Иргэний сонгох эрхэд хууль бусаар нөлөөлөх, саад учруулах оролдлого, хуйвалдааныг төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэхээр төсөлд тусгасан бөгөөд үүгээр мөнгө, эд зүйл тарааж, санал худалдан авах явдлыг зогсооно хэмээн үзжээ. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно хэмээн тусгахаар санал оруулжээ. Ингэснээр, татварын бодлого болоод тодорхой хуулийг зөвхөн Засгийн газар санаачлах гэх мэт зохицуулалтыг бий болгоно хэмээв.


Улс төрийн намтай холбоотой хэд хэдэн заалтыг шинээр оруулж ирж буй бөгөөд намыг Монгол Улсын сонгуулийн насны тавин мянга нэгээс дээш иргэн нэгдэж байгуулах бөгөөд гишүүний бүртгэл, өөрчлөлтийг сонгуулийн төв байгууллага хөтлөх, намын удирдлага болон удирдах дээд байгууллагын сонгуулийг сонгуулийн төв байгууллага хариуцна. Үүнээс гадна намын дотоод бусад сонгуулийг мөн холбогдох сонгуулийн байгууллага хариуцахаар тусгажээ. Нам үл хөдлөх болон ахуйн хэрэгцээнийхээс бусад үнэ бүхий хөрөнгө өмчлөхгүй, намын орлогын эх сурвалж, зарцуулалт нийтэд ил тод байхаар тусгажээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал дахь зарим заалтыг УИХ дахь АН-ын зөвлөл дэмжиж байгааг УИХ-ын гишүүн З.Нарантуяа илэрхийллээ. Тухайлбал, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоох, УИХ 108 гишүүнээс бүрдэх, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн тогтолцоо холимог байх тухай заалтыг АН-ын зөвлөл дэмжиж байгаа хэмээгээд тавин дөрвөн гишүүн гэж тодорхой заах эсэх асуудлыг дахин ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.


Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөл, санал дахь улс төрийн намуудтай холбоотой заалтуудын талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн саналыг илэрхийлсэн.


Тэрээр танилцуулгадаа, намын удирдлага болон удирдах дээд байгууллагын сонгуулийг сонгуулийн төв байгууллага, дотоод бусад сонгуулийг холбогдох сонгуулийн байгууллага хариуцдаг туршлага олон оронд, тухайлбал БНСУ ийм тогтолцоотой байдгийг дурдаж байлаа.


Дараа нь УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм. Тэрбээр, УИХ хууль тогтоох байнгын ажиллагаатай байх байгууллага байх нөхцөлийг хангах зорилгоор УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна хэмээсэн өмнөх заалтыг далан таваас доошгүй ажлын өдөр чуулна хэмээн өөрчилснийг дуулгасан. Асуудлыг олонхоор шийдэх ардчиллыг хангах хүрээнд төсөлд ийнхүү тусгажээ. УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох асуудлыг доорх байдлаар тусгасан байна.


УИХ сайд нарыг томилох бүрэн эрхээсээ татгалзахаар төсөлд тусгасан бөгөөд ингэснээр Засгийн газар танхимын зарчмаар ажиллах, хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж буйгаа тайлбарласан. УИХ-ын хяналтыг боловсронгуй болгохдоо, нийт гишүүний дөрөвний нэг буюу 19-өөс доошгүй гишүүний санаачилгаар Түр хороо байгуулах бөгөөд тус Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй байхаар тусгасныг дурдсан юм.



Хэлэлцүүлэгт оролцож буй зарим төлөөллийн байр суурь, саналыг сонслоо.



АИХ-ын депутат асан Д.Моондой: -1992 онд бид Үндсэн хуулийг батлахдаа, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийг тус тусад нь байхаар хуульчилсан. Гэтэл 1999, 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа, хууль тогтоох байгууллагыг гүйцэтгэх засаглалтай нийлүүлсэн. Үүнийг ард түмэн “давхар дээл” гэж нэрлэдэг. Энэ удаагийн өөрчлөлтийг хийхдээ, өнгөрсөн алдаанаас сургамж авч ард нийтээр хэлэлцүүлж, хэвлэл мэдээллээр сурталчилж байгаа нь Үндсэн хуулийг дээдэлж, эрх зүйт нийгмийг байгуулж буй алхам юм. АИХ-ын протоколуудаас харахад, давхар дээлийн асуудалд маш болгоомжтой хандаж байсан нь харагддаг.



Хуульч Д.Оросоо: -Одоогоор, 800 орчим хүн улс төрийн нам байгуулах хуулийн зохицуулалттай. Ямарваа зүйл шинэчлэгдэж байх хэрэгтэй. 20 гаруй жилийн дараа дээрх тоо өсөх ёстой. Иргэдийн улс төрийн итгэл, үнэмшил, үзэл бодол төлөвшсөн. Тиймээс иргэд үзэл бодлоо хүчтэй илэрхийлэхийн тулд олноороо улс төрийн намд нэгдэх нь зөв. Тиймээс тооны өндөр босго тавих ёстой. Улс төрийн дотоод зохион байгуулалтыг СЕХ-нд аваачиж байгаа Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна. Учир нь одоогийн улс төрийн намууд дотоод ардчилалгүй болсон. Зарим нь дотоод сонгуулиа ч хийж чадахгүй байна. Ард түмнийг төлөөлж, сонгуульд оролцоод, төрийн бодлого хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүсийн бүртгэл СЕХ-нд ил тод байх ёстой. Бас нэг асуудал нь, нэг хүн 2-3 намд элсээд явчихсан тохиолдол маш их. Энэ байдлыг цэгцлэх үүднээс сонгуулийн байгууллага улс төрийн намын дотоод сонгуулийг зохион байгуулж өгдөг жишигт шилжих нь зөв.



ХҮН-ын дарга Б.Найдалаа: -Олон намын тогтлолцоог дэмжих хамгийн зөв шийдэл нь холимог тогтлолцоо юм. Сонгуулийн тогтлолцоо ямар байхаас хамаарч сонгуулиар мөнгө тараах, албан тушаалын наймаа хийх явдалд нөлөөлнө. Тиймээс холимог тогтлолцоог Үндсэн хуулиндаа “түгжээд” өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ялсан нам нь сонгуулийн өмнөхөн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулдаг жишиг тогтсон байна. Намын гишүүнчлэл 50 мянгаас дээш байна гэдэг саналыг дэмжихгүй. Учир нь нийгэмд намчирхсан, улс төржсөн нөхцөл байдал хэрээс хэтэрсэн. Тийм байхад дахиад нам бүр 50 мянган гишүүнтэй байна гээд заачихвал, энэ улсын насанд хүрсэн иргэн бүр намын харъяалалтай болно гэсэн үг. Энэ бол бидний бүтээх гэж байгаа нийгмийн эсрэг зүйл. Нам олон дэмжигчтэй байхаас гишүүнчлэл ихтэй байхыг Үндсэн хуульд заах нь буруу.



МҮАН-ын дарга Б.Цоггэрэл: -Намын санхүүжилттэй холбоотой заалт орж байгаа нь зөв. Гэхдээ 50 мянгаас дээш иргэдийн эвслээр нам байгуулах саналыг дэмжихгүй. Энэ нь Монголд гуравхан нам байхыг хуульчилж байгаатай адилхан. Нам төрийн бодлого боловсруулахаас хүн амаа хувааж бүртгэх асуудал огт биш. Монголд 33 нам ажиллаж байгаа бөгөөд ирэх сонгуулиар 40 орчим болж нэмэгдэх байх. Ерөнхийлөгч энэ саналыг гаргахдаа гэгээлгээр төсөөлж, нийгмийнг эвлэлдэн нэгтгэх зорилго байсан гэж харж байна. Бодит байдал дээр энэ бол нийгмийг хувааж, талцуулах эрсдэл болно гэв. 


УИХ-ын нэр бүхий 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьж, УИХ-аас төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг өнгөрсөн сард хийсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, энэ сарын 16-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Ерөнхийлөгчийн төслийг энэ сарын 18-нд УИХ-ын чуулганаар хэлэлцээд, Үндсэн хуульд оруулах журмын тухай хуулийн дагуу давхар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн. Тиймээс эл хуулийн төслийг одоо хэлэлцэж буй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлтэй нэгтгэж, санал боловсруулах үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын баг байгуулж, Ерөнхийлөгч даргалахаар болсон юм. Тус зөвшилцлийн ажлын баг энэ сарын 19-нд хуралдаж, ажлын төлөвлөгөөгөө боловсруулахдаа, энэ долоо хоногт таван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон юм. 


Өчигдөр тус ажлын баг Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн юм.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ