Булганд тусгай сонирхлын аялагчид ирдэг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-22 13:43:46

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт аялал жуулчлалыг эдийн засгийн үр өгөөжтэй салбар болгох зорилгоор тодорхой бүс нутгийг тусгай сонирхлын аяллын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх бодлого баримталж буй талаар аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Д.Буманбаяр хэллээ.

Орон нутгийн иргэдэд тулгуурласан адал явдалт аяллыг төрөлжүүлэн хөгжүүлэхээр маршрут тогтоож, Эг, Тарвагатай гол дагуу спорт загасчлал, Зэд, Хантай нуруунд морин аялал, фото сафари, ан агнуурын чиглэлээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан аяллыг зохион байгуулж байна.

“Нью жуулчин”, “Хутаг-Өндөр” жуулчны баазууд Баяннуур, Хутаг-Өндөр сумын нутагт хаврын улиралд шувуу ажиглах аяллыг зохион байгуулж хэвшжээ.

“Хөвсгөл трейвэл”, “Инголзолота” ХХК-ууд Эгийн гол, Сэлэнгэ мөрний дагуу Европын жуулчдад зориулсан загасны аялал зохион байгуулдаг болжээ. Ихэвчлэн Итали, Чех, Герман улсын жуулчид ирж байна гэж аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрААС /БОАЖГ/ мэдээллээ.

Холбоотой мэдээ