Үндэсний сурын харваагаар 538 хүн хичээллэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймагт “Монгол нум сум” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр аймгийн хэмжээнд
538 хүн үндэсний сурын харвааг сонирхон хичээллэж байна.
“Монгол нум сум” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг сум бүрт байгуулж, сургагч багш нарыг бэлтгэн долоо хоногт 2-3 удаа хичээллэж тэмцээн уралдаан зохион байгуулж аж. 2017 онд 400 хүн үндэснийхээ энэ спортоор хичээллэж байсан бол энэ жил сурын харвааг сонирхон суралцагчдын тоо 34,5 хувиар нэмэгджээ.
Үндэсний өв уламжлал,
соёлоо хөгжүүлэн сурталчлахад “Монгол нум сум” хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа гэж
аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж.Халиунаа ярив.
Үндэсний
сурын спортыг дэмжиж аймгийн төсвөөс 22,8 сая төгрөгийн хэрэглэл материал сум бүрт
олгосны төдийгүй Булган сумын соёл амралтын хүрээлэнд 5,0 сая төгрөгөөр сурын
харвааны стандартын талбай байгуулжээ. Аймгийн баяр наадам, үндэсний сурын
нээлтийн болон отго харвааг энэ талбайд зохион байгуулдаг уламжлалтай.