Луганск, Донецк мужийн оршин суугчдад Оросын иргэншил олгох журмыг хялбаршуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-18 11:21:36

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хялбаршуулсан журмаар Оросын иргэншил авах боломжтой Украины иргэдийн тоог нэмэгдүүллээ. ОХУ-ын төрийн тэргүүний холбогдох зарлигийг хууль, эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ.


Баримт бичигт заасны дагуу, зөвхөн “Украины Донецк, Луганск мужийн зарим бүс нутагт” /өөрөөр хэлбэл Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Луганск Ард Улс/ оршин суудаг украинчууд төдийгүй эдгээр мужийн бүх оршин суугч хялбаршуулсан журмаар иргэншил авах боломжтой байна.


Өөрийгөө зарлан тунхагласан Донецк болон Луганск Ард Улсын иргэдэд хялбаршуулсан журмаар Оросын иргэншил авах боломж олгосон зарлигт В.Путин дөрөвдүгээр сарын 24-нд гарын үсэг зурсан билээ. Энэхүү шийдвэрийг хүний эрх, эрх чөлөөг болон иргэдийг хамгаалах зорилгоор бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим болон олон улсын хууль, эрх зүйн хэм хэмжээнд үндэслэн гаргасан болохыг баримт бичигт онцлон тэмдэглэжээ. В.Путинийг ийм шийдвэр гаргасны дараа Оросын паспорт олгох бичиг баримт хүлээж авах цэгүүдийг Донбасст нээсэн байна. Бичиг баримтаа шинэ журмаар бүрдүүлсний дагуу эхний паспортуудыг Ростов мужийн цэгүүдэд зургадугаар сарын 14-нд олгожээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч зургадугаар сарын 20-нд иргэдтэйгээ шууд холбогдохдоо Украины иргэдийн хувьд Оросын иргэншил авах үйл явцыг илүү их чөлөөтэй болгохоо амласан юм.


Холбоотой мэдээ