Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аваргад гурван өрөө байр бэлэглэжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-07-18 15:46:58

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн уугуул хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргалд "Эрхэт Монгол" группээс гурван өрөө байр бэлэглэжээ.

Тэрээр 2008 оноос хойш хэт холын зайд гүйж монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхий дахинд цуурайтуулж чадсан түүнийг ийнхүү урамшуулсан байна.

Тэмцээний үеэр тэрээр өдөрт 1-2 цаг унтаж, 100-180 км гүйдэг аж. Мөн 10 хоногт 1304 км замыг гүйж туулан монголчуудын тэсвэр хатуужлыг дэлхий дахинд харуулсан юм.

Монгол улсаа дэлхийд сурталчилж буй түүний үйлсийг зохих ёсоор үнэлэх учиртай. Эрхэт монгол группын захирал Х.Мандахбаяр хэлэхдээ "Миний хувьд нутгийн зон олон, багын анд нөхөд, спорт сонирхогч иргэдийнхээ нэрийн өмнөөс эрхэм нөхөртөө энэхүү хүндэтгэлийг үзүүлж байна. Байр, машин, утасны дугаараа барьцаанд тавиад тэмцээндээ явдаг байсны гэрч нь би өөрөө юм.

Монгол Улсад бүх спортыг эн тэнцүү түвшинд үнэлдэг тогтолцоо бий болоосой гэж олон хүн хүсдэг. Хүчит бөхчүүдээ наадмаар өндөр бай шагнал авахыг хараад ард түмэн өндөлзөн баярладаг. Үндэсний спортоо урамшуулдаг энэ сайхан жишгээр өөрийн үнэн хүч, тэвчээр хатуужил, оюуны бяраар дэлхийд улсынхаа нэрийг гаргаж буй тамирчдынхаа хөдөлмөрийг тухайн цаг үед нь үнэлдэг болох цаг удахгүй" гэсэн юм.

Б.Буджаргал наймдугаар сарын 7-нд АНУ-д дараагийн тэмцээндээ оролцохоор мордох аж. Энэ удаа тэрбээр дэлхийн рекорд тогтоох том зорилгото өвөртөлж зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд оролцоно. 

Холбоотой мэдээ