Туркт төрийн эргэлт хийх оролдлогын үеэр амь эрсэдсэн иргэдийн дурсгалд хүндэтгэл илэрхийлэв

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-07-16 18:41:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-д төрийн эргэлт хийх оролдлогын үеэр амь эрсэдсэн гэмгүй иргэдийн гэгээн дурсгалд тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголд амьдарч буй турк иргэд хүндэтгэл илэрхийлэв. Тодруулбал “ФЕТО” хэмээх терорист бүлэг 2016 оны долоодугаар сарын 15-нд төрийн эргэлт хийхээр оролдсон. Энэ үеэр туркийн 251 иргэн амь эрсдэж, 2000 гаруй хүн гэмтсэн юм.


Хүндэтгэл илэрхийлэх үеэр БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал, “ФЕТО бол Фетхуллах Гүлэн хэмээх хүний удирддаг террорист бүлэг бөгөөд 160 гаруй оронд ажиллаж байгаа. Боловсрол, хүмүүнлэгийн салбарын ард нуугдсан энэ байгууллагыг бид террорист бүлэг гэдгийг 2013 он хүртэл мэдээгүй. Тус байгууллага нарийн төлөвлөгөөтэйгөөр төрийн албанд хүнээ шургуулсан байсан юм. Тухайлбал, төрийн албаны шалгалтын материалыг хулгайлж, түүнийг гишүүддээ тараан, шалгалт өгч, төрийн өндөр албанд томилогддог байсан. БНТУ-ын Гадаад явдлын яаманд л гэхэд энэ зарчмаар 350 орчим хүн орсон байсныг илрүүллээ.  Тиймээс тус байгууллагын гадаадад ажиллуулж буй сургуулиудын ажилтнуудаас мэдүүлэг авах шаардлага бий болсон. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гадаадад ажиллаж байгаад буцаж буй БНТУ-ын иргэдийг баривчлан эрүүдэн шүүж байгаа гэсэн мэдээлэл тархсан. Тийм биш. Бид зөвхөн мэдүүлэг авч, гэм буруутай эсэхийг нь шалгаж байгаа. Хэрэв гэм буруугүй бол тухайн хүнд ямар ч хариуцлага тооцохгүй.  Тиймээс Монголд байгаа 8 багш Элчин сайдын яамандаа хандан, бичиг баримтаа авч, эх орондоо очих бүрэн боломжтой. Түүнчлэн БНТУ бол эрүүдэн шүүхийг таслан зогсоосон улс. Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол тухайн хүнд хариуцлага тооцдоггүй тогтолцоо олон улсад бий. Манай улсад зөвхөн эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнийг хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр заавал олж, хариуцлага тооцдог. Гадаадад ФЕТО байгууллагын салбарууд ажилласнаар тухайн улсынхаа аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөөөс гадна хүрээгээ тэлэх магадлалтай. Улс орнууд ч турк сургуулиуд хэний хүүхдэд тэтгэлэг олгож, гадаадад сургаж байна вэ, энэ нь ямар учир шалтгаантай вэ гэдгийг нарийн шалгах хэрэгтэй. Бид үүнийг дэлхийн улс орнуудад сурталчилан таниулж, ойлгуулснаар ФЕТО байгууллагын сургуулиудыг хааж, тэнд ажиллаж байсан турк иргэдийг эх оронд нь буцаасан олон улс бий” хэмээв.


Мөн тэрбээр БНТУ-ын Засгийн газар, хууль хяналтын байгууллага бусад орны хууль, тогтоолыг үгүйсгэж, нутаг дэвсгэрт нь хүн хулгайлах үйлдэл хийхгүй хэмээн цохон тэмдэглэсэн юм.

Холбоотой мэдээ