Британийн эмч дэлхийн шилдэг тамирчдыг сэргээшээр хангадаг байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2016-04-03 15:20:17

ЛОНДОН. /TASS/. Их Британийн эмч Марк Бонар гэгч сэргээш агуулсан эмийг тус улсын болон дэлхийн бусад орны 150 орчим тамирчинд өгсөн тухай “The Sunday Times” сонинд эмчийн ярьснаас иш татан бичжээ.  

Нууц камерт өртсөн эмчийн хэлснээр, түүний нууц үйлчлүүлэгчдийн дунд Английн премьер-лигийн, тухайлбал, Лондоны “Арсенал”, “Челси”, мөн “Лестера” болон "Бирмингем" багийн тоглогчид байсан байна. Тэднээс гадна, энд Английн крикетийн шигшээ багийн тоглогчид, теннисчид, боксын тамирчдын тухай яригдаж байгаа аж. Гэхдээ “The Sunday Times” сонинд тэмдэглэж буйгаар, тус сонинд Бонар эмчийн ярьсныг нотлох баримт байхгүй байна. Эстериод, эритропоэтин зэргийг агуулсан эмийг тамирчдад хүч тамирыг нь чадавхжуулахын тулд биш харин эрүүл мэндийнх нь шалтгаанаар өгдөг байсан гэж эмч өөрөө хэлж байгаа аж.

Бонар эмчийн үйл ажиллагааны талаар Их Британийн Соёлын яам Сэргээшийн эсрэг агентлагт /UKAD/ хоёр жилийн өмнө мэдээлж байсан боловч “UKAD”-ийн удирдлагууд ямар ч арга хэмжээ аваагүй учир Соёлын сайд Жон Виттингдейл тус байгууллагыг шалгаж эхлэхийг үүрэг болгосон байна. Эх сурвалжийн хэлснээр, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн тамирчин Бонар өөрт нь сэргээш агуулсан эм бичиж өгснийг нотлох баримтыг урьд нь “UKAD”-д өгч байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ