Б.Орхонбаяр хоёр жил дараалан түрүүлж, аймгийн хурц арслан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-09 10:29:48

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Ардын хувьсгалын 98, Сэлэнгэ аймаг байгуулсаны 88, Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн баяр наадмаар Сэлэнгэ аймгаас аймгийн начин гурав, аймгийн харцага хоёр, аймгийн хурц арслан нэг тѳрлөө.

Аймгийн наадмын түүхэнд жил дараалан түрүүлсэн бөхчүүд олон биш байдаг, Аймгийн хурц арслан Ж.Сундуй, эдүгээгийн улсын заан Н.Жаргалбаяр нарын араас залуу арслан Б.Орхонбаяр жил дараалан түрүүлж аймгийн хурц арслан боллоо. Ийнхүү Монгол Улсын арслан "Боохой" хэмээх Д.Данзан, улсын заан Зундуй, даншгийн начин Чойжав нарын зэрэг олон алдартан төрүүлсэн Цагааннуур сумынхан шинэ хурц арслангаа тосон авлаа.

Энэ жилийн наадамд Сэлэнгэ аймгийн уугуул бөхчүүд барилдсанаараа онцлогтой байлаа. Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Н.Саранцогт, Б.Одгэрэл, улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, улсын начин Ш.Зоригт, Ж.Баянмөнх, Б.Дэлгэрсайхан, аймгийн хурц арслан Ж.Ганзориг тэргүүтэй 256 бөх зодоглолоо.

Эдгээр бөхчүүдийн хамгийн ахмад бөх нь Сүхбаатар сумын уугуул, аймгийн хурц арслан Б.Бямбаа байлаа. Тэрээр 52 насандаа зодоглож гурвын даваанд улсын начин Б.Дэлгэрсайханд тахим өглөө. Сум сумаас ирсэн олон шилдэг бөхчүүд сумын заан цолтнууд ирсэн нь наадмын өнгийг чимсэн юм.  Аймгийн наадмын зүлэг ногоон дэвжээг хотолзуулан барилдсан хүчитнүүдийн барилдааны үзүүр, түрүүнд Мандал сумын харъяат аймгийн арслан Н.Баярбаатар, Цагааннуур сумын харъяат өнгөрсөн жилийн түрүү бөх, аймгийн арслан Б.Орхонбаяр нар үлдэж, Б.Орхонбаяр хөмрөх мэхээр түрүүллээ. Шөвгийн дөрөвт Хүдэр сумын Д.Баясгалан, Э.Хүдэрсайхан нарын шинэхэн харцагууд шалгарав. 

 

 

Холбоотой мэдээ