Б.Марал Ази тивийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-06 14:10:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Нур-Султан хотноо эхэлсэн чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болж, 61 кг-д Б.Марал Ази тивийн аварга болов.


Энэ жингийн шигшээ барилдаанд 2017 оны Саори Ёшидагийн нэрэмжит ОУТ-ий аварга, “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмын хошой мөнгөн медальт, 2019 оны өсвөр үеийн улсын аварга, “Женко” клубийн тамирчин Батцоожийн Марал Узбекистаны Лайло Собироваг 8:0-ээр ялж алтан медаль хүртэж, Монгол Улсын Төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр Монголын охидоос өсвөр үеийн Ази тивийн АШТ-д түрүүлсэн долоо дахь тамирчин боллоо.


Манай бусад бөхөөс 53 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөхөд ялагджээ. Өнөөдөр хөвгүүдийн 65, 71, 80 кг, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн барилдаанууд болно.

Холбоотой мэдээ