Солонгосын дайн эхэлсний ойг хоёр Солонгос хамт тэмдэглэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-07-04 17:43:51

МОСКВА. /TASS/. Солонгосын дайн /1950-1953 он/ эхэлсний 70 жилийн ойд зориулсан арга хэмжээг ирэх жил БНАСАУ-тай хамтран зохион байгуулахгүй гэж БНСУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Чхве Хён Су пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


“Ийм цуу яриаг хувийн байгууллагууд тарааж байна. Батлан хамгаалах яам энэ асуудлыг хэлэлцээгүй бөгөөд хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөгүй” гэж тэрбээр мэдээлснийг “Yonhap” агентлаг уламжилсан байна.


Чхве Хён Суны хэлснээр, дайн эхэлсний ойг ямар хэлбэрээр тэмдэглэж болох талаар саналаа өгөхийг хувийн байгууллагуудаас хүссэн байна. Дурсгалын арга хэмжээг хамтран зохион байгуулах тухайд энэ нь зөвхөн хувийн байгууллагуудаас ирүүлсэн саналуудын нэг бөгөөд уг саналыг Засгийн газрын төлөвлөгөөнд оруулаагүй гэж тэрбээр онцлон хэлжээ.


Солонгосын дайн 1950 оны зургадугаар сарын 25-нд эхэлж, 1953 оны долдугаар сарын 27 хүртэл үргэлжилсэн юм. Уг дайнд Өмнөд Солонгосыг АНУ ба Өрнөдийнхөн, Умард Солонгосыг ЗХУ, БНХАУ зэрэг коммунист орнууд дэмжиж байв. Хүйтэн дайны үеийн хамгийн томоохонд тооцогддог Солонгосын дайн түр эвлэрэх гэрээнд гарын үсэг зурснаар дууссан учир техникийн хувьд БНАСАУ болон БНСУ одоог хүртэл дайны байдалд байгаа билээ.


Холбоотой мэдээ