Наадмын бэлтгэл ажил хангах чиглэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-04 15:24:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн баяр наадам, баруун бүсийн хурдан морины зуны уралдаан энэ сарын 27, 28-ны өдөр болно. Баярыг угтсан бэлтгэл ажил, наадамчин олны аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумарт чиглэл хүргүүлжээ.

Үүнд, наадмын талбай, морь барианы газрын тохижилтыг эрүүл ахуйн шаардлагын түвшинд хийж, 50 метр тутамд хогийн сав, хүрэлцээтэй хэмжээгээр байгальд ээлтэй бие засах газар байршуулах, наадмын талбайн хөрс, хоол үйлдвэрлэл явуулдаг цэгүүдэд халдваргүйтгэл хийх, ил задгай хүнсний худалдаа хийх зөвшөөрөл олгохгүй байх, төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга болгонд харуул хамгаалалт тавих, хоол үйлдвэрлэл эрхлэхээр зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн түүхий эдийг лабораторийн шинжилгээнд хамруулж хоолны хордлого, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг чиглэл болгожээ.

Мөн дээрх ажлыг энэ сарын 10-ны дотор гүйцэтгэж биелэлтийг ирүүлэхийг хүссэн байна.

Дашрамд дурдахад, өмнөх жилүүдийн баяр наадамд хогийн сав, бие засах газрын хүрэлцээ муугаас наадмын талбай, морь барианы газар ил задгай хаясан хогоор дүүрэн бохирдож, ард иргэдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд эрсдэл учруулсныг иргэд тухайн үед интернэт орчинд хүчтэй шүүмжилж байсан юм.  

Холбоотой мэдээ