Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-02 15:26:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, З.Нарантуяа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Л.Мөнхбаатар нарын гишүүд Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.


Манай орны банк, санхүүгийн салбарын чанаргүй зээлийн хэмжээ цаашид өсөх хандлагатай болсон нь банкнаас олгох зээлийн хэмжээг бууруулах, санхүүгийн зуучлалыг зогсонги байдал оруулах, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах, халамжийн зардлыг өсгөх, татварын орлогыг бууруулах, өрийн тэнцвэрт байдалд хүрэх зорилтыг хэрэгжүүлэхэд саад учруулахаар байна. Тиймээс банк, санхүүгийн салбарын чанаргүй активыг бууруулах, тогтвортой байдлыг хангах зорилгоор Актив удирдлагын мэргэшсэн институци байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэх ажлыг 2015 оноос эхлүүлсэн байна. Энэ хүрээнд олон улсын сайн туршлага, судалгаанд үндэслэн чанаргүй зээл, активыг шийдвэрлэх, хувийн хөрөнгө оруулалт давамгайлсан төрийн өмчийн оролцоотой Актив удирдлагын компани байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Монгол Улсын Актив Удирдлагын Компанийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс болон эрхлэх үйл ажиллагааны хүрээг тогтоож, зохицуулах бөгөөд бүтцийн хувьд нийт 10 бүлэг, 53 зүйлтэй аж.


Хуулийн төслөөр актив удирлагад холбогдох нэр томьёог олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна Актив удирдлагын компанийн бие даасан хараат бус байдлыг хангах, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, чанаргүй зээл, активыг шийдвэрлэх, Актив удирдлагын сангийн талаарх зохицуулалт болон Актив удирдлагын компанийн үйл ажиллагааг зогсоох талаарх зохицуулалтыг тусгасан байна.


Уг хуулийг баталснаар зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлнэ. Мөн зээлийн эргэн төлөлт сайжирч, чанаргүй активыг удирдахын зэрэгцээ улсын төсөвт ирээдүйд учирч болзошгүй хэмжээний зардлыг бууруулж, тодорхой хэмжээнд хэмнэлт бий болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Холбоотой мэдээ