Ногооннуур, Сагсай сумын төвд хатуу хучилттай зам тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-28 17:12:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2,2 тэрбум төгрөгөөр 2,4 км, Сагсай сумын төвд 2 тэрбум төгрөгөөр 2 км хатуу хучилттай зам тавихаар болжээ.

Бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулах ажлыг энэ өдрүүдэд явуулж байна. Сагсай сумын замын гүйцэтгэгчээр "Грандрөүд групп" шалгарсан ч өрсөлдөгч компаниуд Сангийн яаманд гомдол гаргаснаар эцэслэн шийдэгдээгүй, Ногооннуур сумын замын гүйцэтгэгч хараахан тодроогүй гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

Дээрх замуудыг он дамжин барих гэнэ. 2019 онд тус бүр нэг тэрбум төгрөгийн ажил хийж, үлдсэнийг 2020 онд гүйцээн ашиглалтад өгөх аж.

Дашрамд сануулахад, Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сум" төслийн хүрээнд тус аймгийн Цэнгэл сумын төвд 0,8 км бетон хучилттай зам тавигдаж байсан юм. 

Холбоотой мэдээ