Булган аймагт бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-23 10:30:11

Булган /МОНЦАМЭ/ Үндэсний хөгжлийн газар, аймгийн ЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Жайка” олон улсын байгууллага хамтран “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-ийг Булган аймагт зохион байгууллаа.

Тус аймгийн удирдлага, бүх сум, агентлагийн дарга, зарим аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалтад Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Долгормаа, тус газрын салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ахлах зөвлөх Ч.Оюун-Эрдэнэ, ШУА-ийн техник, технологийн бага чуулганы гишүүн, доктор, профессор Н.Тогтох нар Монгол Улсын эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, тогтвортой хөгжлийн түншлэл, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр:

          - Булган аймгийн хувьд хангайн бүсийн аймгуудаас хойд хөрштэй харилцаагаа өргөжүүлэх хилийн гарцтай. Бага Илэнх-Айнекийн хилийн боомтоор ОХУ-тай харилцах, мөн энэ гарцаар дамжуулж урд хөрштэй харилцах дамнасан зангилаан дээр байдаг. Үүнийг холбох баруун, төвийн бүсийн аймгуудын дэд бүтцийн асуудал их чухал байгаа. Үүнд тулгуурласан салбаруудын эрсдэлийг болон давуу талуудыг тооцож гаргах, ялангуяа хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн коридортой холбож хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг бүх талаар ашиглах чиглэлээр нэлээн  оновчтой төлөвлөлт хийх шаардлага байна. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэр технологийн паркийн асуудал байна.

Нөгөө талаас дэргэдээ Орхон аймаг гэсэн том хот байна. Энэ хоттой юугаараа хоршиж ажиллах вэ гэдэг нийлүүлэлтийн сүлжээгээ оновчтой болгоход онцгой анхаарах болж байгаа. Булган аймагт усны нэлээд эс үүсвэр байгаа учир Эрдэнэтээс гадна говийн бүсийг холбосон усны асуудлыг авч үзэх гэсэн санал санаачилга гаргаж байна. Үүнийг бодлогын түвшинд тусгахаар ажиллана гэв.

Холбоотой мэдээ