Ядуурлын түвшин 1.2 пунктээр буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-21 17:45:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтран Монгол Улсын ядуурлын түвшинг тодорхойлсон судалгаа хийснээ өнөөдөр өөрийн байрандаа танилцуулав.

Дээрх хоёр байгууллага 2002 оноос хойш өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшинг судлах болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж байгааг ҮСХ-ны дарга А.Ариунзаяа тодотгосон юм. Энэ удаа өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг хамтран тооцоолсноо танилцууллаа. Дэлхийн банкны эдийн засагч хатагтай Икуко Уочигийн танилцуулснаар, 2016 онд 29.6 хувь байсан Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурчээ.

Өнгөрсөн 2016-2018 оны хугацаанд хөдөө, орон нутагт ядуурал 4.2 пунктээр буурсан бол хот, суурин газар 0.1 пунктээр нэмэгдсэн байна. Хот, суурин газарт ядуу хүн ам ихээр төвлөрч, 2016 онд 62.1 хувьтай ядуучуудын эзлэх хувь 2018 онд 63.5 хувь болжээ. Нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн оны байдлаар нийт ядуу хүний 41.8 хувь нь амьдарч байна. Хөдөө, орон нутаг харин ядуу хүмүүсийн тоо буурч байгаа нь аймаг, орон нутагт МАА-н орлого ихэсэж байгаа нь голлон нөлөөлж байна. Харин хот, суурин газарт хувийн бизнесийн орлого буурч байна.



Ядуурлын түвшнээр Говьсүмбэр аймаг толгой цохиж, оршин суугчдын талаас илүү нь буюу 51.9 хувь нь ядуу амьдарч байгаа тооцоо гарчээ. Тэгвэл Өмнөговь аймагт хамгийн бага буюу ядуурлын түвшин 11.8 хувьтай байна. Бусад аймгийн хувьд Говь-Алтай аймагт 45.1, Дорнод аймагт 42.5, Ховд аймагт 40.9 хувьтай байна. Нийслэл хотод 378.2 мянган хүн ядуу амьдарч байна.

Ядууралтай холбоотойгоор хүн амын хэрэглээний бүтцийг мөн тооцоолсноо ҮСХ өнөөдөр танилцууллаа. Ядуу амьдарч байгаа хүн амыг зээлийн төрлөөр авч үзвэл, зээлтэй иргэд 51.5 хуийг эзэлж байгаа бол зээлгүй иргэд 48.5 хувь нь байна. Ядуу иргэдийн авсан зээлийн 36.1 хувийг цалингийн, 25.1 хувийг тэтгэврийн зээл эзэлж байна.


Удаалаад 18.8 хувийг малчны зээл, 8.8 хувийг өрхийн хэрэглээний зээл, 4.1 хувийг орон сууцны зээл тус тус эзэлж байна. Нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээ 2018 онд 279 мянган төгрөг байсан нь 2016 оны нэг хүнд ногдох бодит хэрэглээ болох 269 мянган төгрөгөөс 3.9 хувиар өссөн байна.

Ядуурлын түвшний тооцоог 2018 онд зохион байгуулсан Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүн үндэлсэн хийснийг ҮСХ-ын дарга А.Ариунзаяа хэлээд, энэхүү тооцоолол нь тухайн хугацааны амьжиргааны түвшинд гарсан өөрчлөлтийг харуулж буй бөгөөд он гарснаас хойш өөрчлөлтийг тусгаагүйг тодотгож байв. Ядуурлын түвшинг тодорхойлсон судалгааг танилцуулахад Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев оролцов.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ