“Баярлалаа” талархлын өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-18 22:41:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсад Улаан загалмайн байгууллага үүсч, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш 80 жил өнгөрчээ. Түүхт ойтойгоо золгож байгаа тус хамт олон өнөөдөр сайн үйлсийн төлөө сэтгэл зүрхээ өгч, нэгдэн ажилладаг идэвхтэн, донорууд, хамтран ажилладаг байгууллагууддаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ болгон “Баярлалаа” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Тус үйл ажиллагаанд аймгийн Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүд, хамтран ажилладаг байгууллагуудын алба хаагчид, идэвхтнүүд, сайн дурын ажилтнууд, донорууд, иргэд оролцож, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэн дүгнэж, ажил үйлсээ үнэлүүлж, 80 жилийн ойн медалиар энгэр юугаа мялааж, төв талбайд бүжиглэж, талархсан, баярласан сэтгэлээ бие биедээ илэрхийлж байсан нь төв талбайн ойр орчимд явж байсан гадаадын жуулчид, иргэдэд халуун дулаан сэтгэгдэл төрүүлж байсан юм.

Улаан загалмайн аймгийн хороо 80 жилийн ойгоо угтаж олон бүтээлч ажлыг өрнүүлжээ. ХХҮХ-тэй хамтран Сайнцагаан сумын 280 өрхөд 100 гаруй сая төгрөгийн халамжийн үйлчилгээг хүргэж, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Сайнцагаан, Хулд, Өлзийт сумын зургаан малчин өрхөд дулаан өвөлжөө, хороо барьж хүлээлгэн өгчээ.

Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Адаацаг сумын малчдын бүлгийн тэжээлийн үйлдвэр, Өндөршил, Гурвансайхан сумын малчдын бүлгийн сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэр байгуулах төслүүдийг дэмжин ажиллаж байгаа ажээ.

Хүүхэд залуучуудын хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин сургуулиуд дээр “Хүмүүнлэгийн танхим” байгуулж, хүүхэд залуучууд маань үе тэнгийнхэн, ахмад настан, бага насны дүү нартаа зориулж хүмүүнлэгийн сайн үйлсийн аяныг хэрэгжүүлж ирсэн байна.

Өмнө нь УЗХ-ны гишүүн байгууллага аймгийн хэмжээнд дөрөв байсан бол 80 жилийн ойн босгон дээр 14 болон нэмэгджээ. Талархлын энэ өдрөөр Хүмүүнлэгийн байгууллагын  гишүүн болсон аймгийн ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, БОАЖГ, ОБГ, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨК, УЦУОШТ, ШША, Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургууль, Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олонд  Хүмүүнлэгийн байгууллагын  гишүүний батламж, хаяг гардуулж өглөө.  

Энэ үеэр Монголын Улаан загалмайн “Нигүүлсэл” мөнгөн медалиар Б.Норжмааг, хүмүүнлэгийн сайн үйлсийн идэвхтэн, сайн дурын ажилтнууд, хүндэт донорууд, хамтран ажилладаг байгууллагуудын удирдлагуудыг 80 жилийн ойн Хүндэт тэмдгээр шагнасан ажээ.

“80 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд Улаан загалмайн үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, зөв мэдээллийг өгч, энэ ажлын онцлогийг ойлгуулах, төр, Улаан загалмайн хорооны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бусад байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гишүүн байгууллагуудынхаа хүрээг нэмэгдүүлэх, аймгийн орон нутгийн төсөвт үйл ажиллагааны зардал суулгах гэх мэтээр үр дүнд хүрсэн олон ажлыг төлөвлөн хэрэгжүүллээ, цаашдаа сумдынхаа хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, өргөжүүлэх чиглэлээр ажиллана” хэмээн аймгийн УЗХ-ны дарга Б.Гасрандорж хэлсэн үгэндээ тэмдэглэн хэлсэн юм.  

Холбоотой мэдээ