Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмлээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-06-18 17:02:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайжруулсан шахмал түлшний “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтай танилцлаа.


Ерөнхий сайд үйлдвэрийн овоолго, шахмал түлшний нөөц, чанар, шаталт, савалгаа, дахин боловсруулах туршилт-судалгааны цех, үйлдвэрлэлийн шугамтай танилцаж хоёр, гуравдугаар шугамын дамжлагын ажлыг эхлүүллээ.


“Тавантолгой түлш” компани энэ жил 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөснөөс одоогоор 70 мянган тонныг нөөцөлж, 3000 тонныг борлуулжээ. Мөн түүхий эдийн 250 мянган тонн нөөцтэй байгаа тухай компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.



Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахын тулд хөрөнгө санхүү, тээвэрлэлт гээд өөрөөс шалтгаалах бүхнээ хийсэн. Одоо хотын захиргааны хийх ажил үлдлээ. Ирэх өвөл утаатай байх эсэх нь хотын даргаас шууд хамаарна” гэлээ. Түүнчлэн Үйлдвэрлэсэн түлшийг айл өрхөд хүндрэлгүй, хүртээмжтэй, тасралтгүй түгээхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд онцгойлон анхааруулав.


Иргэд ч Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжин гэр, байшингийнхаа дулааны алдагдлыг бууруулж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж  хэвшихийг уриалав.


Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд агаарын бохирдол 50-60 хувь буурч байгааг БНСУ-ын лаборатори баталсан байна. Шинжилгээний хариуг тус улсын мэргэжилтэн Пак Сан Ху Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгөв. Цаашид илүү чанартай шахмал түлш үйлдвэрлэх туршилт хийх, шинэ технологи бүхий үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тухай “Тавантолгой түлш” компанитай хамтран ажилладаг Япон, БНСУ-ын мэргэжилтнүүд хэллээ.



Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж байгаа. Жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцоолж байна. Сайжруулсан шахмал түлшийг бүх төрлийн зууханд ашиглах боломжтой юм. Төслийн зууханд дөрвөн кг түлш түлэхэд таван цаг, энгийн зууханд зургаан кг-ийг түлэхэд 7-8 цаг дулаанаа барьдгийг туршилтаар баталсан.

Холбоотой мэдээ