Томоохон голууд үерийн түвшинг 43-57 см-ээр давж үерлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-18 00:05:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн томоохон голуудын усны түвшин бороо орсны улмаас нэмэгдэн, үерийн түвшинг давж байгаа тул ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Мөрөн ус судлалын өртөөнөөс анхааруулж байна. Өнгөрсөн өдрүүдэд орсон хур борооны улмаас Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Шишгэд, Идэр, Сэлэнгэ, Үүр, Бэлтэс, Гуна, Дэлгэрмөрөн голууд үерийн түвшинг 43-57 см-ээр давж үерлэж байна.

Цаашид Үүр, Сэлэнгэ, Шишгэд зэрэг томоохон голууд болон бусад голын усны түвшин нэмэгдэж үерлэх төлөвтэй байна. Иймд дээрх голуудын сав дагуу болон гуу жалгаар нутаглаж байгаа малчид болон ард иргэд, тээвэрчдийг гол мөрний усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр  зорчих, уруйн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

   

Холбоотой мэдээ