Дархан цаазат газарт хяналтын камер суурилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-17 12:13:24

Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас энэ сардаа багтаад Түргэн уулын дархан цаазат газарт ДБХС-гийн санхүүжилтээр автомат камер тавьж мэдээлэл цуглуулах ажлыг хийх гэж байна. Үүнээс гадна Цагааншувуут уулын болон Түргэн уулын дархан цаазат газруудад янгир, аргалын тооллого хийж байгаа аж.

Өнгөрсөн нэгдүгээр сард Түргэн уулын дархан цаазат газрын Гоожуур хэсгийн Отрын хавцал, Зодовын мухар хэмээх газруудад камер тавьсан бөгөөд энэхүү камерт цоохор ирвэсийн дөрвөн бичлэг бичигдсэн байна.  

Үүнээс гадна Тэсийн голын байгалийн нөөц газарт Азийн минжийн судалгаа хийхэд 26 бүл минж тоологджээ. Тархацын хувьд шинээр 6 бүл тэмдэглэгдсэн ба тоо толгойн хувьд 100-120 минж Тэсийн гол дагуу амьдарч байгаа аж.

Өнгөрсөн 5 дугаар сарын 15-21-ний өдөр хийсэн Увс нуур, түүний ус намгархаг газрын усны шувуудын судалгаагаар Давст сумын Торхилог хэсгийн Хатуугийн адгаас Тэс сумын Жирээг голын адаг хүртэлх нийтдээ 30 цэгт 33 зүйлийн 21613 толгой шувуу бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ