Ерөнхийлөгч ШХАБ-ын хуралдаанд үг хэлж, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнтэй уулзав

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-16 12:13:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд өрнөсөн гол үйл явдлуудыг тоймлон хүргэе. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн, Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсад айлчилж, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцов. Түүнчлэн Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын V уулзалт олны анхаарлын төвд байлаа. 


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэж эхэллээ



УИХ-ын чуулганы энэ сарын 14-ний ээлжит хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж эхлэв.


Тус төслийг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан байна.


Хуулийн төсөлд Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ, УИХ-ын гишүүдийн олонхын саналыг авдаг байх,  хэрвээ олонхын дэмжлэг аваагүй тохиолдолд, Ерөнхий сайд огцорч байхаар хуулийн төсөлд тусгасан. Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн хүнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог байх заалтыг оруулж байна. Гэхдээ энэ заалтыг 2025 оноос хэрэгжүүлэхээр зохицуулсан.


Шүүгчдэд тавих шаардлагыг нэмэгдүүлж, дээд шүүхийн шүүгчийн албан тушаалыг хугацаатай болгосон. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн 9 жилийн хугацаанд нэг удаа томилогддог байх, ШЕЗ-ийн гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлэх, дөрвөн жилийн хугацаанд зөвхөн нэг удаа сонгож байхаар тусгажээ. Ерөнхий шүүгчийг томилдог байсныг өөрчилж, дотроосоо сонгох тогтолцоог оруулжээ. Дархан, Эрдэнэтийг улсын хэмжээний хот гэж хүлээн зөвшөөрнө. Аймгийн төв бүр нь өөрийн удирдлагатай хот байхыг Үндсэн хуулинд орууллаа. Ингэснээр хотын захирагчаа өөрсдөө сонгох, суурин соёлыг хөгжүүлэх бололцоотой болох юм.


Сум, дүүргийн нутгийн удирдлагын үндсэн байгууллага нь ИТХ байна. Иргэдийн өөрөө удирдах ёсыг ингэж товойлгож байгаа юм. Сум, дүүргийн ИТХ-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож байхыг тусгасан. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн давхардсан сонгууль байхгүй болно. Сум дүүргийн засаг даргыг дөрвөн жилийн хугацаагаар тухайн нутгийн иргэд өөрсдөө сонгоно гэсэн заалт бол орон нутгийн иргэдийн гаргасан гол санал юм. Баг хорооны засаг даргыг сум, дүүргийн засаг дарга томилж байхаар боловсрууллаа. Харин баг хорооны нийтийн хурал хэвээр ажиллах юм.


УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, эсвэл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халахыг хориглоно гэж заасан байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2020 оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдөх юм байна.


Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх хүрээнд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзаж Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, УИХ-аар улсын төсөв хэлэлцэж батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглосон. Мөн Засгийн газрын танхим дахь УИХ-ын гишүүний тоог хязгаарлах заалт оруулжээ.


Энэ сарын 14-ний өглөө 10.00 цагт эхэлсэн чуулганы хуралдаан бүхэл өдрийн турш үргэлжилсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын багийн гишүүдээс хариулт авсан. Энэ үеэр ажлын цаг дууссан тул хуралдааныг энэ сарын 18-нд үргэлжлүүлэхээр тогтсон юм.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ сарын 13-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, дэмжсэн. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барих явц хууль зөрчсөн гэсэн байр суурь илэрхийлээд байгаа. Тодруулбал, төсөл боловсруулах ажлын баг өнгөрсөн хугацаанд иргэдийн саналыг авсан хуулийн төслөө Ерөнхийлөгч Х.Баттулгад хоёр удаа хүргүүлсэн. Гэхдээ яг УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хувилбарыг Ерөнхийлөгчид хүргүүлээгүй аж. Тиймээс ирэх долоо хоногт болох чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч оролцож байр сууриа илэрхийлэх боломжийг хангана гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар дурдсан юм.


Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсад албан ёсоор айлчлав



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар энэ сарын 12-нд тус улсад албан ёсоор айлчлав.


Энэ үеэр хоёр орны Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээгээр хоёр тал худалдаа, эдийн засаг, соёлын чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллах болсныг Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков мэдээлсэн. Тэрбээр, “Бид бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлын талаар хэлэлцэж, уг асуудлыг хөгжүүлэх үндэс суурийг тавилаа. Хамгийн гол нь харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол Киргиз улс, Монгол Улс хоёуланд бий. Ноён Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалд Киргизийн тал сэтгэл хангалуун байгаа. Бидний хэлэлцээр хоёр орны харилцаанд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна” гэлээ.



Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, “Монгол, Киргизийн харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол, спорт гээд өргөн хүрээтэй салбарт тэлж, өргөжүүлэхийн сацуу олон улс, бүс нутгийн тавцанд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар ярилцлаа. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд хоёр талын хүчин чармайлтаар амжилттай хөгжиж, ардчиллын үнэт зүйлсийг бататгах, нийгэм эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэсэн сургамж туршлагаасаа бид харилцан суралцаж ирсэн. Цаашид ч эдийн засаг, цахим технологи зэрэг салбарын туршлагаасаа хуваалцаж хамтдаа хөгжих болно. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх зорилгоор Цэргийн салбарт хамтран ажиллах тухай, Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээрүүд, Хамтын ажиллагааны тухай хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын протокол, боловсрол, аялал жуулчлал, оюуны өмч, архив, эрдэм шинжилгээний зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгууллаа. Эдгээр чиглэлийн хамтын ажиллагаанд бодит ахиц гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.



Айлчлалын үеэр Киргиз улсад Монгол Улсын Элчин сайдын яамыг нээснээс гадна хоёр орны төлөөлөгч нар хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан юм.


Тухайлбал, Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай, Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол, Киргиз улсын Засгийн газрын хэлэлцээр, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Киргиз Улсын Аюулгүй байдлын зөвлөл хооронд хамтын ажиллагааны тухай протокол”-д холбогдох албаныхан гарын үсэг зурлаа. Түүнчлэн Боловсролын салбарт хамтран ажиллах тухай, Аялал жуучлалын салбарт хамтран ажиллах тухай, Оюуны өмчийн эрх, уламжлалт мэдлэгийн чиглэлээр хамтран ажиллах тухай, Худалдаа эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааны тухай, Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.


Х.Баттулга: Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байна



Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотод энэ сарын 13-14-нд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэв.


Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг. Тиймээс бүс нутагт тогтвортой, аюулгүй байдлыг хангах, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшиж буй ШХАБ-д Монгол Улс ач холбогдол өгч ирсэн гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга онцлов.



Түүнчлэн Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд улс төр, нийгмийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байгаа төдийгүй энэ асуудалд монголчуудын санал бодол хуваагдмал байгааг дурдлаа. Тэрбээр, “Бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилт байсаар ирсэн. Монгол Улс нь эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд үр ашигтай, хямд өртөг бүхий үйлдвэрлэл явуулах өргөн боломжтой. ОХУ-ын Владивосток хотод ноднин болсон  Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцох үеэрээ би Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулан, тодорхой механизм бий болгох санал тавьсан билээ. Бүс нутгийг хамарсан хамтын ажиллагааны хэлбэрүүд нь бүс нутагт энх тайвныг хадгалах, итгэлцлийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм. Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, түүний дотор манай хөршүүд болох ОХУ, БНХАУ-тай дэд бүтэц, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн. Гурван талын хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэх, төмөр зам, авто тээвэр, байгалийн хийн хоолой, эрчим хүчний нэгдсэн сүлжээ зэрэг тодорхой асуудлаар ахиц, дэвшил гаргах нь зөвхөн  оролцогч улсууддаа төдийгүй ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болох нь дамжиггүй” хэмээв.

Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин Европын орнууд Азийн зах зээлд нэвтрэх, боломж бүрэн байгааг цохон тэмдэглээд, “Монгол Улс ШХАБ-ын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах, терроризмтой тэмцэх зэрэг салбарт Та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна. Түүнчлэн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөөх ШХАБ-ын үйл хэрэгт нэмэр хандиваа оруулж, хүчин чармайлтаа нэгтгэх  болно” гэлээ.

 

Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт боллоо



Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотын “Ала-Арча” цогцолборын “Буруна” харшид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар энэ сарын 14-нд уулзлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын анхдугаар уулзалт 2014 онд Тажикистаны Душанбе хотноо, хоёрдугаар уулзалт 2015 онд ОХУ-ын Уфа хотноо, гуравдугаар уулзалт 2016 онд Узбекистаны Ташкент хотноо, дөрөвдүгээр уулзалт 2018 онд БНХАУ-ын Чиндао хотноо болж байсан юм.


Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Монгол Улс даргалж байгаагийн хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарыг угтан, гурван улсын хоорондын хоёр талын хамтын ажиллагаа өндөр түвшинд, тогтвортой хөгжиж буй нь гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлж буйг онцлон тэмдэглэв.


ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм.  Манай улсын мөнхийн хөршүүд болох ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагаа мөн идэвхтэй хөгжиж буйд монголчууд баяртай байдаг гэдгийг Ерөнхийлөгч дурдлаа. Тэрбээр, “Талуудын хамтын хүчин чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд гурван талын хамтын ажиллагааны механизм бүрдэж, эрх зүйн үндэс бэхжиж, хамтын ажиллагааны салбар өргөжиж,  зарим салбарт тодорхой ахиц гарч байна. Дамжин өнгөрөх тээврийн тухайд онцгой ахиц гарч, Хятадаас Орос болон Европын чиглэлд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 2016 оноос 2018 оны хооронд 500 хувиар нэмэгдсэн нь гурван талын зохицуулалтыг сайжруулснаас гарах хамтын ажиллагааны үр өгөөжийн тодорхой жишээ юм. Гэхдээ гурван талын хамтын ажиллагааны ахиц, өрнөл бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байна гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулснаас хойших 3 жилийн хугацаанд ард иргэдийн ахуй амьдрал, гурван улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц тодорхой төсөл хэрэгжиж эхлээгүй байгаа нь үнэхээр чамлалттай юм. Гурван талын аль аль нь хүлээн зөвшөөрөхүйц техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа нь бэлэн болсон төсөл ч байхгүй. Тиймээс энэ удаагийн уулзалтаас гурван талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн тодорхой хариуцах эзэн, биелэлтийн хугацаатай чиглэлийг гурван улсын холбогдох байгууллагуудад өгөх шаардлагатай байна. Тухайлбал, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн хэрэгжилтийг хэрхэн түргэтгэх талаар Та бүхэнтэй бүтээлч санал солилцох хүсэлтэй байна. Мөн гурван талын хооронд олон жил яригдаж ирсэн байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн техник эдийн засгийн үндэслэлийг судлах Хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллан, тодорхой санал, дүгнэлт гаргуулах чиглэл өгөх саналтай байна. Зүүн хойд Азийн нэгдсэн эрчим хүчний сүлжээний олон талт байгууллага байгуулах саналыг манай тал дэвшүүлж байна” гэлээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар хэлсэн үгэндээ эрчим хүчний салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Мөн  Ерөнхийлөгч В.В.Путин Улаанбаатар төмөр замыг шинэчилж, дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа гэдгээ хэллээ. БНХАУ-ын хувьд ч гэсэн гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх нь чухал гэдгийг БНХАУ-ын дарга Си Жиньпин хэлж, төмөр замын шинэчлэл нь тэргүүлэх чиглэлийн төсөл хэмээв.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг нэмнэ



Засгийн газрын энэ сарын 12-ны ээлжит хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг хүн амын амьжиргааны доод түвшингээс багагүй байхаар шинэчлэх саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхийг ХНХ-ын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа.


Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн хувьд эх, эцгийн аль нэг нь хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэх боломжгүй, мөн эмчилгээ сувилгааны зардал их байдгаас өрхийн орлого буурч байна. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхийн ажил эрхлэлтийн түвшинг авч үзэхэд нийт эхийн 45, аав нарын 51 хувь нь ажил эрхэлдэггүй байна. Ийм өрхийн 42 хувь нь ядуурлын хэмжээг тогтоосон шугамаас доогуур, 44 хувь нь ядуурлын шугамтай ойролцоо амьжиргаатай гэсэн судалгаа бий.


Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрөл олгов



Засгийн газрын энэ сарын 12-ны хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, эрчим хүч, дохиолол, холбоо, өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.


Мөн тус хуралдаанаар Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чигийг баталлаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр дэх Тавантолгой нүүрсний орд газраас “УБТЗ“ ХХН-ийн Зүүнбаян өртөө хүртэл нийт 414,6 км бөгөөд уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм. Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоолоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх, дотоодын нөөц бололцоогоор төслийн санхүүжилт, зам барилга, бүтээн байгуулалтад төмөр замын барилгын ажил гүйцэтгэх чадамж бүхий Зэвсэгт хүчний анги, салбар, мэргэжлийн байгууллагыг татан оролцуулж  байгаа юм.

Холбоотой мэдээ