Б.Цэрэннадмид: Төрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол “Тахидаг дэл”-д болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-14 22:06:40

Архангай /МОНЦАМЭ/. Суварга хайрхан уулыг 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уул болгож байв. Төрийн тусгай хамгаалалтад авч, тогтооосон цаг хугацаанд төр, түмнээрээ тахиж шүтэн дээдэлдэг уулыг төрийн тахилгат уул гэдэг байна.

Суварга хайрханы тахилгын ёслолыг 2009, 2014 онд хийж байв. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суварга хайрхан уул нь далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн. Хангайн уулархаг мужид багтах уул юм. 

Хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол энэ сарын 16,17-ны өдөр болох тул Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Төрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Б.Цэрэннадмидаас үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар тодрууллаа.

-Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолыг энэ удаад хаана нь хийхээр тогтсон бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил гурав дахь удаагаа Суварга хайрхан уулыг тахих ёслол болох гэж байна. Бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж байна. Төрийн тахилгад оролцох төрийн элч төлөөлөгчийг томилсон захирамж гарсан. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар миний бие ахлаад Нийгмийн бодлогын хэлтсийн дарга тэргүүтэй 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Одоогийн байдлаар бид Засаг даргын захирамжийн дагуу тахих газраа тодорхой болголоо. Энэ газар Цэнхэр сумын Цэнхэрийн голд байрлах, Суварга хайрханаас зүүн тийш чигт байрлах “Тахидаг дэл” хэмээх газар зан үйлийг хийхээр тогтлоо. Энэ газар Цэнхэр сумаас 40 орчим, хайрханаас 30 орчим км зайтай байдаг.

-Ёслолд төрийн өндөр албаны ямар зочид төлөөлөгчид ирэх вэ?

-Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнийг томилсон. Тэргүүнээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, төрийн төлөөлөгчдөөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, аймгийн удирдлагууд, төрийн ёслолын албаны дарга гэх мэт хүмүүсийг томилсон. Энэ хүмүүсээс гадна Архангай аймгийн төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг спортын гавьяатнууд гээд олон хүмүүс ирэхээр бидэнтэй холбоо тогтоогоод байна.

-Тахилгын үеэр ямар ямар үзвэр үйлчилгээ болох вэ?

-Төрийн ёслолын үйл ажиллагаа 17-ны өдрийн 11.40-аас эхэлнэ. Үүнээс өмнө лам нар хайрханы тэнгэрт зориулж ном хурж дууссан байна. Тахилгын үеэр үндсэн үйл ажиллагаанууд болохоос гадна байгаль дэлхий, ард иргэдийг цэнгүүлэх үндсэн агуулгын дагуу их нас, азарганы уралдаан, бөхийн барилдаан, эрэгтэй, эмэгтэй үндэсний сурын харваа, гар шагайн тэмцээнүүд зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэл ажлууд хийгээд явж байна. Хурдан морины уралдах зам бартаа ихтэй байгаа. Ажлын хэсгийнхэн болон Цэнхэр сумын ЗДТГ-ынхантай ярилцаад зам засах ажлыг хийлээ. Мөн ёслол болох газрын орчныг цэвэрлэх, үйлчилгээ үзүүлэх газруудыг хуваарилах зэрэг зохион байгуулалтын ажлуудыг хуваарийн дагуу хийж байна.

-Худалдаа эрхлэх болон хоолоор үйлчлэх газрууд зөвшөөрлөө хаанаас авах вэ?

-Худалдаа эрхлэх, хоол цайгаар үйлчлэх газрууд Эрдэнэбулган, Цэнхэр сумын ЗДТГ-аас зөвшөөрөл авч, иргэдэд үйлчлэх эрх нээлттэй байгаа.

-Өмнөх тахилгын үеэр нуур усанд сүү, цагаан идээ өргөсөн гэх асуудлууд яригдаж байсан?

-16-ны орой долоон бурхан тахих ёслол болно. Энэ үеэр хүн бүр өөрийн ивээл одонд тахилга үйлдэх ёстой байдаг юм байна лээ. Шар тос, байгаль дэлхийд өргөх идээ будаа, арц хүжээ зохистой хэмжээгээр авч явах байх.
Байгаль орчин бохирдуулах, буруу зан үйл хийх зэрэг асуудлууд гарч байсан. Үүнээс болж нутгийн иргэдэд эвгүй сэтгэгдэл төрүүлэх, газар ус хилэгнүүлсэн гэх яриа гарч байсан. Ёслол болох газарт маань ямар нэгэн нуур, гол байхгүй учраас ийм асуудал гарахгүй байх. Нуурын дэргэд лам нар буюу зан үйлийг гүйцэтгэх хүмүүс очих учраас, иргэд заавал нуур руу очих шаардлагагүй.

-Харилцаа холбооны асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?

-Тухайн газарт жи мобайлын сүлжээ байдаг юм билээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн мобикомын хамт олонтой ярилцсан. 17-ны өдөр мобикомын сүлжээ бүрэн цацахаар болсон. Тодруулбал, иргэд мобикомын дугаараа бүрэн ашиглахын зэрэгцээ интернэт ашиглах бололцоог бүрдүүлсэн гэсэн үг. Гэрэл цахилгааны асуудлууд шийдэгдсэн. Хотхон байгуулах бэлтгэл хийж байна.

-Тахилгад оролцогчдын аюулгүй байдлыг хангах цагдаа, цэргийн байгууллагууд хэрхэн ажиллах вэ?

-Тахилгын ёслолд бид онцгой анхаарч байна. Мэдээж Цагдаагийн газрын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд өргөн бүрэлдэхүүн, техник хэрэгсэлтэйгээ ажиллана. Мөн Онцгой байдлын газар дээр нь дүйцүүлэх албаны цэргүүдийг дайчилж ажиллуулна.

-Иргэдэд анхааруулж хэлэх зүйл юу байна?

-Төрийн тахилгын ёслолд зөв зохистой хандлагаар оролцоорой. Сүсэг бишрэлийн зан үйлээ болгоомжтой, үйлдээрэй гэж хэлмээр байна. Хамгийн гол нь бид байгаль дэлхийдээ зөв үйлдлээр хандах нь чухал.

-Хогийн сав, бие засах газрын асуудлыг хэрхэн шийдэж байна?

-Байгаль хамгаалагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ, Хот тохижилтын газрын ажилчид, техник хэрэгсэл, Цэнхэр сумын хогны машинууд ажиллана. Очсон машин бүрт хогны уут тараана.
Эко ОО, түр нүхэн жорлон хийхээр төлөвлөсөн. Иргэд маань соёлтой байж, байгаль орчинд хор нөлөөгүй наадах нь чухал байна.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ