Дарханы бүтээн байгуулалтын төслүүдэд Өвөр Монголын компаниуд оролцоно

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-03-30 21:46:07

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, ӨМӨЗО-ны Бизнесийн Ерөнхий холбооны захирал Л.Баатар нар хоёр орны аж ауйн нэгжүүдийг дэмжих ялангуяа бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт татах, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурсан юм. Энэ үеэр ӨМӨЗО-ны Бизнесийн Ерөнхий холбооны захирал Л.Баатартай ярилцлаа.

-“Дарханы хөгжил-2016” олон улсын эдийн засгийн форумд ӨМӨЗО-ны Бизнесийн Ерөнхий холбооны төлөөлөлгч ирж оролцлоо. Танай холбоо ямар чиглэлээр Дархан хоттой хамтарч ажиллах чиглэл барьж байгаа вэ? 

-“Манай холбооны гишүүдээс Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой олон компани байдаг. Энэ форумд оролцоод Дархан хотын хөгжлийн байдлыг ойлгож мэдэж авлаа. Тэгээд энэ форумаар дамжиж Дархан хот нь цаашид улам бүр хөгжин цэцэглэх ирээдүйтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг ч татаж хамтын ажиллагаагаа ч хөгжүүлэх шаардлагатай. Тиймээс бид энэ бүхнийг сонирхож цаашид хамтарч ажиллах талаар ярилцлаа. Энэ хот их олон чиглэлээр хөгжиж байгаа хот юм. Үйлдвэрлэл түлхүү хөгжсөн, үйлдвэрлэл технологийн парк ч хөгжиж байна. Сүү цагаан идээ, газар тариалан хүнс, хөдөө аж ахуй зэрэг чиглэл бүрээр хөгжих эхлэлээ тавьчихсан нь харагдлаа. Иймд Дархан хотын хөгжилд нэмэр болохуйц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь хамтарч оролцохоор ирсэн л дээ.

-Та сая Дархан-Уул аймгийн “Шүтэн-Уул” ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа. Чухам юу ярьсан бэ? Хамтарч ажиллахаар болсон уу?

-Энэ компанийн захирал хатагтайтай уулзсан, оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг юм байна. Эднийх сүүлийн үед Монгол үндэсний хувцас үйлдвэрлэж байгаа гэсэн. Тэгээд өөрийн бүтээгдэхүүнээ Өвөр Монголд гаргах зорилготой байгаагаа хэлээд манай улсын компаниудтай холбож өгөөч гэж хэлсэн. Түүнийг нь би нутагтаа очоод гишүүн компаниуддаа танилцуулна. “Шүтэн-Уул” компани нь бүх төрлийн хувцас тэр дундаа сургуулийн хүүхдийн дүрэмт хувцас оёдог Монгол улсдаа нэрд гарсан үйлдвэр юм байна.

-Өөр ямар байгууллагынхантай уулзсан бэ?

-Барилгын үйлдвэрлэл болон барилга угсралт, засварын хэд хэдэн компанийн удирдлагууд уулзсан. Дархан хотод шинэ шинэ барилгууд их баригдаж байгаа юм байна. Энэ форумд барилгын чиглэлийн шинэ шинэ төслүүдийг танилцуулсан. Эдгээр төслүүдтэй танилцаж үзэхэд Дархан хот цаашид улам бүр хөгжиж цэцэглэх дүр зураг харагдаж байна. Эдгээр төслүүдэд манай улсын барилгын компаниуд оролцох сонирхолтой байгаа. Ер нь манай Бизнесийн Ерөнхий холбооны гишүүн компаниуд их олон чиглэлээр ажилладаг учраас Дархан-Уул аймагт болсон энэхүү форумаас авсан бүх мэдээллээ хүргээд дараа нь бид Дарханд хөрөнгө оруулах зорилгоор судалгаа хийж компаниудын захирлуудыг Дархан хотод дагуулж ирж танилцуулж бүтээн байгуулалтад нь оролцох, хөрөнгө оруулах чиглэлээр хамтарч ажиллах тусгайлсан гэрээнүүд хийгдэнэ гэж ойлгож болно.

-Танай Бизнесийн холбоо ямар чиглэлээр түлхүү ажилладаг вэ?

-Манай холбооны гишүүн компаниуд бизнес, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг. Монгол Улсад ч бас манай гишүүн зарим нэг компаниуд ажиллаж байгааг дурдахад таатай байна. Холбооны маань гишүүн компаниудаас Дарханд цөөнгүй нь бизнес болон хөрөнгө оруулалтйн чиглэлээр хамтарч ажиллана гэж найдаж байна. Учир нь Манай холбоо Дархан-Уул аймгийн удирдлагуудтай хамтарч ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан гэж үзэж байна.

                                                                Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ