АТГ-ын орон тоо, албан хаагчийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-12 19:18:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. 


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан орон тоо нэмэхтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийн зохицуулалтын талаар, УИХ-ын гишүүн Н.Оюундарь тус газрын албан хаагчдын ачааллыг хуваарилах механик арга хэрэглэхийн оронд менемжент, эрх мэдлийн хуваарилалт, арга барилаа өөрчлөх замаар асуудлаа шийдэх гарцыг судалсан эсэхийг лавлав.



АТГ-ын бүтэц, орон тоог 2007, 2014 онд тус тус тодотгон баталсан талаар тус газрын дарга З.Дашдаваа танилцууллаа. Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын АТГ-ын ажилтан, албан хаагчдын ачаалал хэт их байгаагаас үр дүн муутай байдаг талаар дүгнэлт гарсан байдаг аж. Иймд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хяналт шалгалт, хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг алба хаагч, ажилтнуудынхаа ачааллыг зохистой түвшинд хүргэх шаардлага бий гэлээ.


УИХ-ын гишүүн Д.Ганболд “Орон тооны дутагдалтай гэх асуудлыг олон байгууллага тавьдаг, бодит байдал дээр үндэслэлтэй байдаг. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсан бөгөөд байгууллага бүр төсвийн тогтмол болон урсгал зардлын хүрээнд тулгамдсан асуудлаа шийдвэрлэхээр зохицуулалт хийх нь зохисгүй” гээд төсвийн сахилга, зохион байгуулалт алдагдах эрсдэлтэйг хэллээ. 


УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд, “Хэрэв уг төслийг баталснаар тухайн санхүүгийн жилийн улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсоно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Засгийн газрын энэ сарын 12-ны хуралдаанаар дээрх төслийг хэлэлцэхийг зарчмын хувьд дэмжих шийдвэр гарсан болохыг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулсан юм. Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Холбоотой мэдээ