Ногоон төгөл байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-10 16:06:58

Увс /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилсан байгаль орчны боловсрол олгох "Ногоон паспорт" аяны хүрээнд 21 аймагт ногоон төгөл байгуулах ажил эхлээд байна. Энэ ажлын хүрээнд Увс аймгийн Улаангом хотод 10-18 зүйлийн 3000 ширхэг модлог ургамлын суулгац, хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны систем бүхий ногоон төглийг өнгөрсөн ням гарагт байгууллаа 

Энэхүү бичил цэцэрлэг нь суурин газрын оршин суугчдын эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй “Хотын ой” гэх ойлголтод багтах ойн зурвас бөгөөд ой, моддыг танин мэдэх агуулгатай модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг байна. Уг цэцэрлэгийг байгуулахдаа улирал харгалзахгүйгээр мод тарих боломжийг ашиглан далд үндэсний системтэй буюу бортоготой суулгацыг хэрэглэж байгаагаараа онцлогтой аж. Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн тодорхой хэсгийг сайн дураараа мод тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой ба Увс аймгийн хувьд өөрсдийн нөөц бололцоог ашиглан иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчинг бүрдүүлэн томоохон цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэхээр зорьж байна.

Ногоон төглийн нээлтэд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн төлөөлөл, аймгийн БОАЖГ-ын ажилчид, Ногоон паспорт эзэмшигч сурагчид, ЕБС-ийн Эко клубын багш нар гэх мэт хүмүүс оролцож, 3.5 га газарт мод тарьж, тохижуулах ажлыг эхлүүллээ.

Холбоотой мэдээ