Нээлттэй хаалганы өдөрлөгт 180 иргэн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-10 10:34:58

Төв /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээг иргэдэд цогцоор нь хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг ХХҮГ-аас аймгийн Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвд зохион байгууллаа.

Өдөрлөгт Зуунмод сумын зорилтот бүлгийн 180 иргэн оролцсон бөгөөд тэдэнд хэрхэн амьдралын зорилготой байж хөдөлмөр эрхлэх, ажлын байрны талаарх мэдээллийг хүргэжээ.

Энэ үеэр “Төв аймагт үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг бизнесийг ямар хүмүүс хийдэг, хүсэл зорилгоо гүйцээхэд бидэнд юу шаардлагатай, иргэдийн хөдөлмөрт хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Амьдралын зорилго мөнгө мөн үү?” илтгэл тавьж, иргэдийн асуултад хариулт өгсөн байна.

Өдөрлөгийн үеэр аймгийн ХХҮГ, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагатай хамтран “Төгсөлтийн аргачлал”-д хамрагдаж байгаа Ланс II багийн иргэн О.Эрдэнэбаатарыг малжуулах арга хэмжээнд хамруулж 3 сая төгрөгийн мал өгөх, Баянхошуу III багийн 3 иргэнд “ЭКО хүнс” бүлгийн бүлгээр хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамруулан 1.5 сая төгрөгийн үр бордоо, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэж эрхийн батламжийг гардуулсан байна.
2018 онд
ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан иргэн Ж.Отгонсүрэн, Б.Ариунжаргал нар хүүхдийн хувцасны оёмол бүтээгдэхүүн, П.Цогбаяр монгол гутал, Л.Шийтэрчулуун төмөр эдлэл, Л.Баянбат эсгий урлалын бүтээгдэхүүнээр үзэсгэлэнгээ гаргаж олон нийтэд хүргэжээ.

ШУТИС-ийн БУХС-ийн Нийгмийн ухааны салбарын багш доктор, дэд профессор Н.Ариунтуяа, ахлах багш магистр Т.Оюунбилэг нар нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай 11 иргэнд сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилласан байна.

 

Холбоотой мэдээ