Хүн амын хүнсний мэдлэгийг дээшлүүлэх нь чухал байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-07 18:45:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр өнөөдөр тохиож байна.

НҮБ-аас энэ өдөр хүнсний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг онцолж хүн амынхаа хүнсний мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарахыг улс орнуудад уриалжээ. Энэ өдөртэй холбогдуулан ЭМЯ, ХХААХҮЯ, МХЕГ-аас хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангаж буй талаар хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.

МХЕГ үй ажиллагааныхаа 70 хувьд нь ААН, иргэдэд чиглэсэн  соён гэгээрүүлэх зөвлөн туслах үйлчилгээ явуулж, 30 хувьд нь хяналт шалгалтын ажил хийдэг байна. Мөн энэ оноос эхлэн хэрэгжүүлж буй “Эрүүл хүнс-эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд, түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүрэн бүрдүүлж, хүнсний шим тэжээллэг чанарыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн хоолны газруудыг зэрэглэх эрх зүйн үндсийг хангах зорилгоор Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг тэмдэглэв.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Бямбатогтох, салбар дундын хамтын ажиллагаа сайжруулах үүднээс Шадар сайдын тушаал гарсныг дуулгав. Жишээ нь, хоолны хордлогын дэгдэлт гарсан тохиолдолд орон нутгийн засаг захиргаа, салбар яамдууд, ОБЕГ, мэргэжлийн хяналт, хэвлэл мэдээлэл хамтран ажилладаг болсныг мэдээлэв. Тэрээр, “Хоолны хордлоготой хүн халдвар тээгч болох эрсдэлтэй байдаг. Тиймээс хоол хүнсний салбарт ажиллаж байгаа хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, энэ талын ажиллагааг сайжруулахаар ажиллаж байна” гэв.

Манай улсад хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдаж байгаа нь халдварын бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл, иргэд нас барж байгаагийн түгээмэл шалтгаан болж байна. Манай улсад сүүлийн жилүүдэд хоолны хордлогын дэгдэлт буурахгүй байна. Өнгөрсөн онд хүн амын дунд томоохон хоолны хордлого 16 удаа дэгдэж 505 хүн хорджээ. Үүнээс 228 нь хэвтэн эмчлүүлсэн байна.

М.Батчимэг

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ