Мексикт агаарын бохирдлыг бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-06-05 14:25:47

МЕХИКО. /Xinhua/. “Мексикийн нийслэл Мехико хотод агаарыг бохирдуулагч хорт бодисуудын ялгарлыг 2024 он гэхэд 46 хүртэлх хувиар бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж тус хотын Байгаль орчны асуудал эрхэлсэн комиссоос мягмар гарагт мэдээлжээ.


Байгаль орчны асуудал эрхэлсэн комиссын тэргүүн Виктор Хюго Парамогийн мэдээлснээр, энэхүү арга хэмжээний хүрээнд 4.5 сая тээврийн хэрэгсэл, 2 мянган үйлдвэр, 3 мянган аж ахуй, 6 сая айл өрхийн ялгаруулж буй бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах ажээ.


Уг арга хэмжээг хэрэгжүүлснээр агаарыг бохирдуулагч бодисын хэмжээг 46 хувиар, 10 микрометрээс жижиг ширхэгтэй “PM10” тоосонцрын хэмжээг 12 хувиар, 2.5 микрометрээс жижиг “PM2.5” тоосонцрын хэмжээг 14 хувиар бууруулна хэмээн зорьж байгаа бөгөөд Мехико хотын 21 сая гаруй оршин суугчийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар үүсэхээс сэргийлэх юм.  


Өнгөрсөн тавдугаар сарын дундуур Мехико хотод “PM2.5” тоосонцрын агуулга урьд байгаагүй хамгийн өндөр хэмжээнд хүрсний улмаас сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосон байна. 

Холбоотой мэдээ