Канадтай уул уурхайгаас гадна ХАА-н салбарт хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-05 09:12:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Канадын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо ГХЯ-нд боллоо.

Уулзалтад хамтын ажиллагааны Монголын хэсгийн дарга, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, Канад улсын Гадаад хэргийн туслах дэд сайд Доналд Бобиаш нар оролцон хоёр талын хамтын ажиллагааны VIII хуралдааныг даргалан явуулсан юм.

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар хэлэхдээ, “Өнгөрсөн жил манай улсад 2.47 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхэд Канад улсын оролцоо их байсан”-ыг онцолсон. Тэрээр, Уул уурхайн салбарын хамтын ажиллагаа нь манай хоёр орны харилцааны тэргүүлэх чиглэл хэвээр байх”-ыг тэмдэглээд цаашид уул уурхайгаас гадна эдийн засгийн төрөлжсөн салбаруудыг хөгжүүлэх, ХАА-н хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын худалдааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахын чухал”-ыг тэмдэглэсэн юм.   


Одоогоор, Монголд Канад улсаас 1.5-7 жилийн хугацаатай 40 орчим сая канад долларын санхүүжилт бүхий Олборлох салбарын менежментийг сайжруулах (SESMIM), Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн удирдлагыг сайжруулах (MERIT), төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэгш байдлыг хангах гэсэн төслүүд хэрэгжүүлж байна.

Мөн Канад улсаас Монголд хоккейн спортыг хөгжүүлж байгааг уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар сайшаан тэмдэглэж, цаашид өвлийн спорт болон жүдо бөхийн чиглэлээр Канадтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог соёл, спорт, солилцоогоор дамжуулан улам ойртуулах боломж байгааг тэмдэглэсэн юм. Хоёр тал дугуй ширээний уулзалтыг 2003 оноос эхлэн хоёр жил тутамд тус тусын нийслэлд ээлжлэн зохион байгуулж ирсэн юм.


Мөн өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канадын Гадаад хэргийн туслах дэд сайд Доналд Бобиашийг ГХЯ-нд хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр талууд Улаанбаатар хотноо болсон Монгол, Канадын дугуй ширээний ээлжит уулзалтын дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, уулзалтын үеэр ярьсан хамтын ажиллагааг ажил хэрэг болгохын төлөө байгаагаа нотлов.

Ноён, дэд сайд Доналд Бобиаш хэлэхдээ, “ХАА түлхүү хөгжсөн, Монголынхтой төстэй цаг агаар, газар нутагтай Канадын баруун талын мужуудтай Монгол Улс хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэн тохиромжтой болох”-ыг онцолж, энэ чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр орны хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлж, Монголын залуучуудыг Канадад суралцуулах, солилцоог өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Тэрбээр даян дэлхийд энх тайван байдлыг түгээхэд залуусын оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн сүлжээний давуу боломжийг ашиглах зорилгоор “Peacebook” цахим сэтгүүл гаргах санаачилгынхаа талаар танилцуулж, энэ чиглэлээр Канадын залуу судлаач, дипломатууд, судалгааны хүрээлэн, ТББ-уудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Туслах дэд сайд Д.Бобиаш Улаанбаатар хотноо эхэлж буй Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хуралд оролцож байгаа юм.

Б.Болд

Холбоотой мэдээ