Энэ жил Загастайн давааны 30 км зам нь ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-06-04 17:14:19

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын барилгын ажлыг эхлүүлэхээр Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт хоёр өдөр ажиллалаа.

Ажлын хэсэг Загастайн давааны зам барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын СССС компанитай гэрээ байгуулан барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгож улаан шугамаа татсанаар зам барилгын ажлыг эхлүүлжээ. Тус замыг Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Эксим банкны хооронд 2011 оны зургаадугаар сард байгуулсан гэрээний хүрээн дэх буцалтгүй тусламжийн хэмнэгдсэн хөрөнгөөр барихаар болжээ. 

Тус замын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын СССС компани нь замын хүндрэлтэй хэсэг болох давааны гол зам дээр ажиллах бол үндэсний туслан гүйцэтгэгч зомпаниуд нь автозамын хоёр захын барилгын ажлын 30 хувийг гүйцэтгэх юм байна. Загастайн давааны зам барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Арж рөүд” ХХК, “Түм арвижих” ХХК, “Тэмүүн холдинг” ХХК-иуд ажиллаж байна. Энэхүү авто зам нь Тарвагатайн нурууны хүндрэлтэй хэсэг болох Загастайн давааг дайран өнгөрдгөөрөө онцлог бөгөөд зам барилгын ажлын хамгийн хүнд хэсэг юм байна. Завхан аймгаас тавьсан хүсэлтийн дагуу энэ жил тус замын барилгын ажлыг Улиастайгаас эхлүүлж байгаа бөгөөд 30 км замыг ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.

Дашрамд дуулгахад, Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замын ажил эрчимтэй үргэлжилж өнөөдрийн байдлаар 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км авто замын барилгын ажил дээр 18-55 насны иргэд 700.000-1.000.000 төгрөгийн цалинтай ажиллах боломжтойгоор нутгийн иргэд ажиллаж буй тухай аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэв.


Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 114 км зам ашиглалтад бүрэн оржээ

Завхан аймгийн төв Улиастай хотыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил эрчимтэй өрнөж “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам”-ыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж дуусаж байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас эхлэн Улиастай сумаас 67 км-ийн зайд буюу Загастай давааны ар бэлд дуусах уг зам ашиглалтад орсноор Завхан аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ тус аймгийг зорих гадаад, дотоодын аялагч, жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм. Авто замын барилгын ажил  2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эхэлсэн бөгөөд гэрээний хугацаа 18 сар юм. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам нь долоон метрийн өргөн, таван см асфальт бетон хучилттай, хоёр талдаа 1,5 метрийн өргөн хайрган хөвөөтэй, 3,5 метрийн хоёр урсгалтай, гуравдугаар зэрэглэлийн авто зам болох ажээ.

Төслийн хүрээнд 114 км хатуу хучилттай авто зам, 36,1 у/м төмөр бетон гүүр, нийт 77 ширхэг төмөр бетон дугуй хоолой, 13 ширхэг төмөр бетон дөрвөлжин хоолой зэрэг хиймэл байгууламжууд барих юм байна. Зам барилгын ажлын гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Шинжиан Бейшин рөүд энд бридж групп” ХХК-тай байгуулсан бөгөөд туслан гүйцэтгэгчээр дотоодын “Даймонд рөүд” ХХК, “Энх төгөл бэх” ХХК, “Дабльюү Экс Пи” ХХК тус тус ажиллаж байна.

Харин барилгын ажлын зөвлөх үйлчилгээний гэрээг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” компанийн хооронд байгуулсан бөгөөд туслан гүйцэтгэгчээр “Ти Ай Би” ХХК ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 99 хувьтай байна. Үүнээс талбай дээр хөрс хуулалт, далангийн дүүргэлт, хөлдөлтөөс хамгаалах үе, суурийн ажил, гүүрний ажил, хиймэл байгууламжийн ажлуудыг тус тус 100 хувь хийсэн байна. Харин хучилтын ажлыг 99.7 хувьтай хийгээд байна. Барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангаж дууссан байна. Энэ ажил бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд хийж буй томоохон ажил юм хэмээн Зам тээвэр хөгжлийн яамнаас энэ үеэр нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ