Хог, хаягдлыг дахин боловсруулж дизель түлш гаргах төсөл анхаарал татаж байна

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-03-29 12:37:20

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачлагаар Дархан хотод болж байгаа  “Дарханы хөгжил-2016” олон улсын эдийн засгийн форум хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Уг форумыг аймгшийн Засаг дарга, ЗДТГ-ын баг амжилттай зохион байгуулж гадаад дотоодын 150 гаруй төлөөлөл хуран цугларч энэ үеэр тус аймгийн дэд бүтэц, хөнгөн хүнд үйлдвэрлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны олон төслийг хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Орон нутагт гадны хөрөнгө оруулалтыг татах зорилгоор ийм өргөн арга хэмжээг өмнө нь зохион байгуулж байгаагүйг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон юм. Форумыг зохион байгуулагчид хөрөнгө оруулагчидтай урьдчилсан уулзалт хийсэнгүйгээр гарах зардлаа олох ашгаа тооцсон бэлэн төслөө танилцуулж нөхцөл байдлаа сайтар хэлэлцэж хөрөнгө оруулагчдад бодит мэдээлэл өгч харилцан санал солилцсон нь чуулганы гол ач холбогдол болж байна.

Тус аймгийн гол онцлог болсон металлурги, барилга, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсролын салбарын олон төсөл танилцуулагдсанаас хот, томоохон суурин газруудын хамгийн тулгамдсан асуудлын нэг болох хог, хаягдлыг дахин боловсруулах замаар дизель түлш гарган авах төсөл оролцогчдын анхаарлыг татлаа.

“Дарханы хөгжил” олон улсын эдийн засгийн чуулганд Канад, Бүгд Найрамдах Турк Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид бизнесийн хамтын ажиллагааны боломж хэр байгаад үнэлэлт дүгнэлт өгсөн бизнес уулзалт яг одоо болж байна. Тухайлбал: “ТахьКо ХХК болон “Нари” компаниудын уулзалт, “Шүтэн уул” ХХК болон ӨМӨЗО-ны төлөлөөгчид, Хот тохижуулах хүрээлэн болон “Алтан хүнс” компани, “Сөгнөгөр хайрхан” ХХК болон Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, ЗДТГ-ын дарга н.Сүхбаатар нарын уулзалт зэрэг арга хэмжээнүүд хэд хэдэн газарт нэгэн зэрэг явагдаж байна. “Төвийн бүсийн тулгуур төв” болох тус аймаг нь төмөрлөгийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, арьс шир боловсруулах үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлэх байр эзэлдэг. Аливаа бизнесийг хөгжүүлэх гол хүчин зүйл болох дэд бүтэц нь бэлэн байгаа энэ цаг үед “Дарханы хөгжил-2016” олон улсын эдийн засгийн форум аймгийн хөгжлийн ирээдүйг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

 

 

 

Холбоотой мэдээ