Банкны ажилтнууд төв талбайг угаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-05-28 17:46:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол банкны Сүхбаатар аймаг дахь салбарын санаачлагаар Баруун-Урт сумын банкирууд их жанжин Д.Сүхбаатарын талбайг угаалаа. Тус талбай нь аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт харъяалагддаг бөгөөд тэр бүр ингэж угаадаггүй.

Монгол Улсад банкны байгууллага үүссэний 95 жилийн ой 06 дугаар сарын 02-ны өдөр болно. Ойгоо угтаж бид хийх ажлын төлөвлөгөөгөө эртнээс боловсруулж, хэрэгжүүлж ирсэн. Ер нь манай банкныхан нийгэмрүү чиглэсэн бүтээлч ажил хийхийг зорьж байгаа. Энэ бол бидний төлөвлөгөөт ажлын нэг. Өвөл цас ороогүй, хавар шороон шуурга ихтэй байсан учир талбай маань өнгө зүс муутай болсон байна. Тиймээс тусгай угаагч бодисууд ашиглан, нэг бүрчлэн үрж угааж байна. Удахгүй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Хүүхдүүд маань жилийн жилд төв талбай дээрээ ирж баярладаг. Тиймээс манай банкны салбарынхны хүүхдүүддээ барьж буй нэгэн бэлэг гэж ойлгож болно хэмээн Монгол банкны Сүхбаатар салбарын захирал Ц.Мөнхбаяр хэллээ.

Сүхбаатар аймгийн банкны салбарын ажилчдын 95 хувь нь залуучууд. Мөн тэдний ихэнх хувь нь бага насны хүүхэдтэй. Тиймээс уг ажлыг бүгд дэмжин оролцжээ.


Банкны ажилчид хэдийгээр улс эх орон, аймаг орон нутгийнхаа эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж байдаг хэдий ч нөгөө талаар нийгмийн идэвхтэй байхыг шаарддаг. Тиймээс манай банкирууд нийгмийн сайн сайханд чиглэсэн ажлыг байнга санаачилж байдаг. Үүний нэг бол энэхүү талбайг угаах ажил юм. Би гурван охинтой. Хүүхдүүд маань баяраараа талбай дээр л цагийг өнгөрүүлдэг. Гэтэл талбай маш бохир байдаг юм байна. Бид ч үүнийг анзаардаггүй. Тоос шорооноос гадна зажилсан бохь маш их байна. Үүнийг хусаж арилгаад, дараа нь цэвэрлэж угаах ажлыг манай банкирууд маш сайн хийсэн. Хүүхдүүд баяраараа цэвэр цэмцгэр талбай дээр тоглож наадвал үнэхээр сайхан шүү дээ гэж Сүхбаатар Хаан банкны мэргэжилтэн Ө.Эрдэнэбат ярьисан юм.

Төв талбайг 2007 онд хиймэл боржин чулуугаар хийсэн бөгөөд Д.Сүхбаатарын хөшөөг 2018 онд шинэчлэн, хүрэл хөшөө босгожээ.



Холбоотой мэдээ