Каннын кино наадмын гол шагналыг Өмнөд Солонгосын найруулагч хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2019-05-26 12:43:59

КАНН. /TASS/. Каннын 72 дахь удаагийн кино наадмын гол шагнал болох “Алтан дал модны навч”-ийг Өмнөд Солонгосын найруулагч Пон Жун Хо “Шимэгчид” киногоороо хүртжээ.


Төгсгөлдөө жинхэнэ эмгэнэлт кино болж хувирдаг уг инээдмийн кинонд ямар ч аргаар хамаагүй бусдын хөрөнгөөр баяжихыг оролдож буй ядуу солонгос гэр бүлийн тухай өгүүлдэг байна. Өмнөд Солонгосын найруулагч Пон Жун Ход Францын жүжигчин Катрин Денев шагналыг гардуулан өгчээ. Энэ жил уг наадмын гол шагналын төлөө 21 кино өрсөлдсөн байна.


Каннын кино наадмын гран-при шагналыг Францын найруулагч Мати Диоп "Атлантика" киногоороо хүртжээ. Уг кинонд Дакарын тэнгэр баганадсан цамхгийн барилга дээр ажиллаж буй залуу эр Сулейман болон 17 настай охин Ада нарын хайр дурлалын тухай өгүүлдэг ажээ.


Бельгийн найруулагчид болох Жан-Пьер, Люк Дарденны нар “Залуу Ахмед” киногоороо "шилдэг найруулга" шагналын эзэн болсон байна. 


Каннын кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Испанийн жүжигчин Антонио Бандерас хүртжээ. Тэрбээр  Педро Альмодоварын бүтээсэн “Өвдөлт ба алдар нэр” кинонд бүтээсэн дүрээрээ уг нэр хүндтэй шагналын эзэн болсон байна. Уг кинонд Бандерас жүжигчин Пенелопа Крузтэй хамтран тогложээ.


Харин шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Английн жүжигчин Эмили Бичем найруулагч Жессики Хауснерын “Бяцхан Жо” кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн байна. 


Шилдэг кино зохиолын шагналыг Францын найруулагч Селин Скьямма “Гал дундах охины хөрөг” киногоороо хүртлээ.


Холбоотой мэдээ