Халдварт өвчнөөс сэргийлэхэд сургуулийн эмч нарыг сургав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-24 13:42:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын болон хувийн хэвшлийн ЕБС-ийн эмч, нийгмийн ажилтан нарт сүрьеэгийн халдварын өнөөгийн байдал, оношилгоо эмчилгээ, халдвар авсан тохиолдолд өвчлөхгүй байх болон урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл мэдлэг олгох сургалтыг Багшийн хөгжлийн ордонд өнөөдөр зохион байгууллаа. 


БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газар, ХӨСҮТ, “Цахиур Төмөр” компанитай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” аяны хүрээнд явуулсан тус сургалтад 200 гаруй эмч, нийгмийн ажилтан хамрагдав. 


Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо олон, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ бага байгаа нь агаар дуслын замаар халдварладаг өвчлөл нэмэгдэх эрсдэл бий болгож байна. Сургалтад хамрагдсан эмч, нийгмийн ажилтан нар багш, эцэг эхчүүдэд амралтын хугацаанд хүүхдийг чийрэгжүүлэх даалгавар өгч, намар болон өвөл ихэсдэг амьсгалын замын халдвар, түгээмэл тохиолдож буй сүрьеэгийн халдвараас сэргийлэх болон өвчлөлийн тоог бууруулахад чиглэгдсэн төлөвлөгөө гарган ажиллах юм. 


Агаарын бохирдол, хүн амын нягтаршил их байгаа өнөө үед хүүхдийн дархлааны тогтолцоог хамгаалах нь чухал болохыг мэргэжилтнүүд хэллээ. Манай улсад жил бүр 400 орчим хүүхэд сүрьеэгээр өвчилж байгаа нь нийт өвчлөлийн 10 хувь орчмыг эзэлж байгаа юм. Дэлхийн дундаж 7.1 хувь байна. Сургуулийн насны хүүхдийн дунд сүрьеэгийн халдвар нэмэгдэж дэлхийн жишигтэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа аж.

Холбоотой мэдээ