Мөсөнд авиралтын сонирхогчдын анхдугаар тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-29 08:56:20

Өмнөговь аймгийн Залуучуудын холбоо, Монголын уулчдын үндэсний холбоотой хамтран өнгөрөгч амралтын өдөр Гурван сайхан уулын үзэсгэлэнт газруудын нэг болох Мухар шивэртийн аманд мөсөнд авиралтын анхдугаар тэмцээн зохион байгууллаа.

Өмнөговь аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудад чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх таатай боломжийг нээх үүднээс анх удаа зохион байгуулсан тус тэмцээнийг “Эверестийн баатар” Монгол Улсын гавъяат тамирчин, Өмнөговь аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгч Г.Өсөхбаяр удирдан явууллаа.

Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрөлд зохион байгуулж, амжилтыг нь цагаар тооцож нийлбэр дүнг гаргаж хувийн болон багийн нийлбэр дүнгээр  шилдэг авирагчдыг тодруулсан юм. Мөсөнд авиралтын анхдугаар тэмцээнд нийт 30 гаруй сонирхогч тамирчид оролцсоноос эрэгтэй ангилалд тэргүүн байранд Ш.Галтхүү  2-р байранд .Б.Ганбаяр 3-р байранд Ц.Батсайхан орлоо харин эмэгтэй ангилалд тэргүүн байранд  В.Сэлэнгэ 2-р байранд С.Өнөр-Отгон 3-р байранд Н.Насандулам нар тус тус шалгарлаа. Тэмцээний багийн төрөлд нэгдүгээр байранд Ш.Галтхүү, Н.Насандуламын баг, 2-р байранд Хилийн цэргийн 0131-р ангийн Б.Ганзориг, В.Сэлэнгэ нарын баг, 3-р байранд ӨмЗХ-н 3. Б.Амгаланбаатар, Н.Золбаяр нарын баг шалгарлаа.

Монголын уулчдын үндэсний холбооноос мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон голын Улаан цутгаланд 5 дахь жилдээ зохион байгуулсан харин анх удаа Өмнөговь аймгийн Мухар шивэртийн амны мөсөнд хийлээ. Говь нутгаасаа шинэ залуу уулчдыг бэлтгэх энэхүү спортыг хөгжүүлэх үүднээс дараа жил дахин мөсөнд авиралтын тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Мухар шивэртийн ам нь Зүүн сайхан уулын хамгийн том, өндөр мөс бүхий газар бөгөөд 10 м өндрөөс буудаг горхи байх ба өвөл хадан ханаа бүрхсэн их мөс болон хөлддөг юм. Энэ удаагын сонирхогчидын тэмцээнд оролцсон тамирчид 6 метрт авирч хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад эрчимтэй хөгжиж буй ice climbing буюу мөсөнд авирах спорт Монголд мөн нилээн дэлгэрч энэхүү спортоор хичээллэх тамирчидын тоо нэмэгдсээр байгаа ажээ.

 Өмнөговь аймаг Н.Золбаяр

 

Холбоотой мэдээ