Төгөлдөр хуурч С.Алимаа МУСТА цол хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-23 16:12:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төгөлдөр хуурч С.Алимаа өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулав. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат уг шагналыг түүнд гардуулан өгч баяр хүргэсэн байна.

С.Алимаа Дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын Консерватори, “Oрчлон” олон улсын сургууль зэргээр 15 жил соёл, урлагийн салбарт уран бүтээлээ туурвиж, багшилжээ. 

Рымский-Корсакавын “Хэдгэний нисэлт”, З.Хангалын “Тань руу нүүж явна", Офенбахын ”Кан Кан”, Д.Лувсаншаравын “Маамуу нааш ир”, Б.Шаравын “Бөртэ” зэрэг зохиолыг төгөлдөр хуур хөгжмөөр тоглож, клипээ гаргаж олны танил болоод байгаа  түүнийг хүмүүс "Ами" нэрээр нь сайн мэднэ. Мөн авьяаслаг хөгжимчин бүсгүй чамгүй сайн дуучин гэдгээ “Яг түүн шиг” шоунд оролцохдоо  харуулсан билээ.

Дашрамд сонирхуулахад, тэрбээр Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ар­дын жүжигчин, нэрт хөгж­мийн зохиолч Дагвын Лувсаншаравын зээ охин юм. 


Холбоотой мэдээ