АНУ-ын ЭСЯ-ны ажлын баг Өвөрхангайд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-21 23:08:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Адам Хэннингс тэргүүтэй ажлын баг Арвайхээр хотод ажиллаж, соёл боловсролын чиглэлээр аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. 

Энэ үеэр АНУ-ын ЭСЯ-наас санал болгож буй боловсрол, соёлын хөтөлбөрүүдийг танилцуулж, хөдөө орон нутгийн мэргэжилтэн, оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой байгаагаа танилцуулсан юм. Тухайлбал, ЭСЯ-наас явуулдаг ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдад зориулсан нэг жилийн солилцооны хөтөлбөр болох “ФЛЕКС”, бакалаврын оюутнуудад зориулсан нэг семестрийн солилцооны хөтөлбөр “Глобал ЮГРАД” болон мэргэжилтнүүдэд зориулсан магистрын зэргийн “Фулбрайтын Оюутны хөтөлбөр”, магистрын зэргийн бус мэргэжил дээшлүүлэх “Хьюберт Х. Хамфри” зэрэг хөтөлбөрийг танилцууллаа.

Мөн ерөнхий боловсролын сургуулиудаар орж, англи хэлний загвар хичээлтэй танилцан багш, сурагчдад дээрх хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв. Хоёр орны Засгийн газраас 2019 оныг “Монгол-Америкийн залуучуудын жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд АНУ-ын ЭСЯ-ны ОНХА-аас 21 аймгийн хэмжээнд ажиллаж санал солилцож байгаа аж.

 

Холбоотой мэдээ