Философийн шинэ нэвтэрхий толь бичгийг орчуулах эрх олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-21 14:51:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнд ажлын айлчлал хийж, тус хүрээлэнгийн захирал Академич А.В.Смирновтой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.  


Хамтын ажиллагааны хүрээнд,  “Философийн шинэ нэвтэрхий толь бичиг” бичих, орчуулах ажилд Оросын Философийн хүрээлэн /ИФ РАН/ дэмжихээр болжээ. Мөн  ОХУ-ын Төрийн шагнал хүртсэн энэхүү дөрвөн боть бүтээлийг Монголын ШУА-ийн Философийн хүрээлэнд орчуулах, ашиглах эрхийг олгосноороо энэ удаагийн айлчлал ач холбогдолтой.   

Монголын тал, “Мэргэжлийн философичдын хүний нөөцийг бэлтгэхэд Оросын ШУА-ийн Философийн хүрээлэн болон бусад их дээд сургууль,  оросын философич, эрдэмтэн судлаачид жинтэй хувь нэмэр оруулсан нь ХХ зууны дунд үеэс эхлэн Монголын философи сэтгэлгээний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Цаашид ч энэхүү шинжлэх ухаан, соёл, боловсролын уламжлалт харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлжээ.   

Харин ОХУ-ын тал, “Бид Монголын анд нөхөдтэйгөө тогтоосон харилцааг маш их хүндэтгэн үнэлдэг. Өнгөрсөн зууны 90-ээд оноос хойш бидний харилцаа, хамтын ажиллагааны хүрээ, эрч хүч саарсан ч гэсэн хараахан тасраагүй байгаа энэ үед сэргээн эрчимжүүлэх асуудлыг тавьж байгаад гүн талархан хүлээн авч байна”  гэжээ.

Оросын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, академич А.В.Смирнов  “Үзэл сурталжсан философи үеэ өнгөрөөж, бид философи бүрийн номлол, үнэт зүйлсийг хүндэтгэн зөвшөөрч, судалж байна. Монголчууд өөрийн ахуй соёлд тулгуурлан, зохицсон гүн ухааны баялаг өвтэй ард түмэн. Та бүхний бүтээлч хөдөлмөрийн дүнд Монголын философи дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн, бие даасан номлол болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн  уулзалтын үеэр онцолжээ.  

Уулзалт болон гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.А.Гаджикурбанова нар байв.


Холбоотой мэдээ