Оёмол бүтээгдэхүүний иж бүрэн кабинет ашиглаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-26 11:56:50

Төв аймгийн Засаг даргын тамгын газраас ерөнхий боловсролын сургууль төгсч буй сурагчдад оёмол бүтээгдэхүүн хийж, авъяас чадвараа хөгжүүлж, ирээдүйн мэргэжилдээ дадлагажих бололцоо олгожээ.  

Энэ сарын 23-нд Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуульд үүдээ нээсэн "Сүлжмэлийн технологийн кабинет"-д сүлжмэлийн, холбогч, угаах болон хатаагч машин, индүү зэрэг таваас зургаан төрлийн 20 гаруй сая төгрөгийн тоног, төхөөрөмж байршуулсан байна.

Тус сургуулийн ерөнхий захирал Л.Эрдэнэцэцэгийн хэлж буйгаар энд хамгийн олон  /370 гаруй/ эмэгтэй сурагч суурь  боловсрол эзэмшиж байна. Урьд нь хүүхдүүд өөрт хэрэгцээтэй, амьдарлын наад захын чадамжийг  сургуулиас бус  гадна орчинд эзэмших нь илүү үр дүнтэй байсан бол, одоо ерөнхий эрдэмийн бүхий л мэдлэгийг авах боломж бүрдсэнд баяртай байгаа юм.

Боловсролын салбарт гарч буй цоо шинэ ахиц, дэвшлийг улам батжуулахад оёмол бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг  "Бонн", "Хос бэх" ХХК  арга зүйн зөвлөгөө өгч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тусламж, дэмжих юм.

Сурагчдын онцлог, чадамжинд тулгуурлан хийж буй ажил үүгээр дуусахгүй юм байна. Цаашдаа хөвгүүдэд зориулсан технологийн кабинет, дуу бичлэгийн студи байгуулахаар төлөвлөжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

Холбоотой мэдээ