Баянхонгорт зургаан эмнэлэг хүүхдийн шүдийг төлбөргүй эмчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн хувийн хэвшлийн зургаан эмнэлэг Нийгмийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцож эрх авсан. Тус эмнэлгүүд аймгийн хэмжээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийж үнэ төлбөргүй эмчилж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, сувгийн эмчилгээ, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа аж.
Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн зүгээс үзлэг, эмчилгээнд хамрагдсан хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх, харин эцэг, эх, асран хамгаалагчид эмчилгээний дараах амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих, зөв дадалд хүүхдээ сургах үүргийг хүлээх юм байна. Ийнхүү хамтын оролцоотойгоор хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд сонгон шалгаруулалтад тэнцсэн дээрх эмнэлгээс өөрсдийн сонголтоор үйлчлүүлэх боломжтой гэнэ.
Урьдчилан цаг авах, холбогдох бусад мэдээллийг авахад дөхөм болох үүднээс тус эмнэлгүүдийн холбоо барих дугаарыг хүргэж байна.
"Ач-Од" шүдний эмнэлэг - 88122555
"Баянхонгор" шүдний эмнэлэг - 99052298, 88444477
"Буянт" шүдний эмнэлэг - 99447694, 88447614
"Хонгор дент" шүдний эмнэлэг - 95445505, 89622878
"Сувдан сондор" шүдний эмнэлэг - 89988866
"Шигтгээ дент" шүдний эмнэлэг - 99959540