Путин: Аугаа Эх орны дайны жинхэнэ баатруудыг хамгаалах нь ариун үүрэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-09 16:29:00

МОСКВА. /TASS/. Дэлхийн зарим улс оронд дайны тухай "хүүхдүүддээ ичгүүргүйгээр худал ярьж", "өвөг дээдсээсээ урваж" буй үед Аугаа Эх орны дайны жинхэнэ баатруудыг хамгаалах нь бидний ариун үүрэг юм гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Улаан талбайд Ялалтын баярыг тохиолдуулан үг хэлэхдээ мэдэгджээ.


“Өнөөдөр бид зарим улс оронд дайны үйл явдлыг санаатайгаар гажуудуулж байгааг, нэр төр ба хүний эрхэм чанарыг мартаж нацистуудад үйлчилсэн хүмүүсийг өргөмжилж, хүүхдүүддээ ичгүүргүйгээр худал ярьж, өвөг дээдсээсээ урваж байгааг харж байна” гэж Путин хэлсэн байна.


“Бидний ариун үүрэг бол жинхэнэ баатруудыг хамгаалах юм. Бид бүх ахмад дайчдын өмнө сөгдөн биширч байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ. Аугаа Эх орны дайны ахмад дайчид дэлхийн олон улсад амьдарч байгаа боловч тэдний байгуулсан гавьяа зүтгэлийг “их бага гэж хуваах боломжгүй” гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. “Бид та бүхнийг үргэлж хүндэтгэж, урд байгуулсан, одоо ч хэвээр Ялалтыг алдаршуулна” гэж Путин хэллээ.


ОХУ батлан хамгаалах чадвараа үргэлжлүүлэн хөгжүүлнэ. Гэхдээ терроризм, хэт давруу үзэлтнүүд, неонацизмтай тэмцэхэд бусад улстай хамтран ажиллахад бэлэн байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.


Путин Ялалтын баярын өдрийг “оросуудын хувьд бахархал, уй гашуудлын өдөр, нацистуудыг бут ниргэсэн Эх орноо хамгаалагчдад хязгааргүй талархах өдөр” гэж нэрлэлээ.


Холбоотой мэдээ