Модны тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. "Мод тарих үндэсний өдөр" энэ сарын 11-нд тохионо. Мөн өдөр Баянхонгор аймгийн хэмжээнд албан байгууллагууд ойн зурвас дахь хариуцсан хэсгийн модыг арчилж, нөхөн тарилт хийх юм.
Тус өдрийн хүрээнд мод тарих иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг стандартын тарьц, суулгацаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг энэ сарын 10,11-ний өдөр Баганат талбайд зохион байгуулах юм байна.
Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг найм дахь жилдээ хэрэгжиж буй. Мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалсан байдаг.
Мод тарьцыг суулгаад орхих биш түүнийг арчлах, байгальдаа дасан зохицож бие даан ургах хүртэл нь харж хандах ажил чухал байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.
Сонирхуулахад, Жил бүр хайлаас 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, шар хуайс 0.2 кг тоосыг өөртөө шингээж байдаг байна. Мөн 1 мкв зүлэг 200 грамм усыг өдөрт ууршуулж, агаарыг чийгүүлэн цэвэршүүлж өгдөг аж.