“Ай Ти Эм” Монголиа олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-03-25 12:52:34

БОНХАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбооноос “Ай Ти Эм-2016" Монголиа олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр Мишээл экспо төвийн Барилгын их дэлгүүрийн үзэсгэлэнгийн шинэ танхимд нээлтээ хийлээ.

Нээлтэд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, ОХУ-ын Буриад Улсын Соёлын сайд Тимур Цыбиков, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга Жин Зиа Нин нар оролцож мэндчилгээ дэвшүүлэв.

Энэ жилийн аялал жуулчлалын үзэсгэлэнгийн албан ёсны түнш байгууллагаар Дорноговь аймгийн ЗДТГ оролцож байна.

Үзэсгэлэнд тур оператор компани, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, гадаадын төсөл хөтөлбөр, жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компани, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг нийт 250 гаруй байгууллага, бизнес эрхлэгч оролцож үйл ажиллагаагаа сурталчилна. Мөн БНХАУ-аас 100 гаруй, ОХУ-ын Байгаль нуурын бүс орчмын Эрхүү муж, Буриад улсын 30 гаруй төрийн төлөөлөгч, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцох юм.

Нээлтийн Дорноговь аймгийн Саран хөхөө театрын тоглолт, ОХУ-ын Буриад улсын “Алтаргана-2016” наадам, Ховд аймагт аялал жуулчлал хөгжүүлэх нөөц боломж ба давуу тал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Агуу их цайны зам”, “Эрээн хотын аялал жуулчлал”-ын танилцуулга, Олон улсын болон дотоодын нислэгийн компаниудын 2016 оны нислэгийн хуваарь, санал болгох шинэ чиглэл, үйлчилгээн, “Face of beauty international 2016” олон улсын миссийн тэмцээний танилцуулга, Монголын зочид буудлуудын 2016 оны нэгдсэн мэдээлэл, статистик, санал болгох шинэ үйлчилгээ танилцуулах юм.

Эдгээр арга хэмжээг сонирхоход ТАХ төлөх бол маргаашнаас өөр хөтөлбөрүүдийг үнэ төлбөргүй үзэж болох юм байна.

Тус үзэсгэлэн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ