“Ливерпүүл” клуб Ф.Вирцтэй 136 сая еврогийн гэрээ байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-06-14 12:09:56

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 14 /Reuters/. Премьер лигийн аварга “Ливерпүүл” клуб Германы хөлбөмбөгчин Флориан Вирцийг Бундеслигийн “Байер Леверкузен” клубээс 136.3 сая евро буюу 156.75 сая ам.доллароор авахаар тохиролцжээ.


The Athletic” цахим хуудсанд мэдээлснээр, Ф.Вирцтэй таван жилийн гэрээ байгуулах төлөвтэй байгаа бөгөөд үүнд 117.5 сая еврогийн урьдчилгаа төлбөр, 18.8 сая еврогийн нэмэлт урамшуулал багтах төлөвтэй байна.


Ингэснээр уг гэрээний үнийн дүн 2017 онд 75 сая фунт стерлингээр тус клубт нэгдсэн Нидерландын хөлбөмбөгчин Виржил ван Дейкийнхийг давж, “Ливерпүүл”-ийн түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа болох юм.


“Леверкузен”-тэй байгуулсан гэрээ нь дуусахад хоёр жил үлдээд байсан Ф.Вирцийг мөн “Байерн Мюнхен” болон “Манчестер Сити” багууд сонирхож байжээ. “Германы шигшээ багийн тоглогч тэрбээр өнгөрсөн улиралд “Леверкузен”-ий төлөө 45 тоглолтод оролцохдоо 16 гоол оруулж, 15 оновчтой дамжуулалт өгсөн байна. 

Холбоотой мэдээ