Ш.Өлзийбат: Малын хөлийн тоос, малчны хотонд ажилладаг малын эмч цөөрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2025 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/.
Монгол Улсын Засгийн
газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын хоёр дахь долоо
хоногийн бямба гаргийг “Мал эмнэлгийн салбарын ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Өнөөдөр тохиож буй тэмдэглэлт өдрөөр ахмад малын эмч, Төгрөг сумын “ТМЗА” мал эмнэлгийн эзэн Ш.Өлзийбаттай ярилцлаа. Тэрбээр 60 жил тасралтгүй малын эмчээр ажиллаж байна.
-Та өдий 80 насны босго давсан ч малын
эмчээ хийсээр байгаа нь бахархалтай юм. Хэзээнээс энэ салбарт ажилласан бэ?
-Би 1961-1965 онд Архангайн Хөдөө аж ахуйн техникумд суралцаад хавсарсан мэргэжлээр төгсөж байсан. Ингээд уугуул нутаг Булган аймгийн Орхон суманд 10 жил, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд 50 жил буюу өнөөдрийг хүртэл тасралтгүй 60 жил малын эмчээр ажиллаж байна. 1974 онд Өвөрхангайд шилжин ирж байсан. Энэ урт хугацаанд яг малчны хотонд, малын хөлийн тоосонд, мал, малчныхаа дэргэд ажиллаж ирлээ.
Миний хувьд 60 жилийн турш энэ ажлаас салаагүй гэдэг нь мал эмнэлгийн “тогоо”-нд чанагдаж, боловсорч гүйцсэн хүн гэсэн үг юм даа. Бурхан багшаас надад оноосон хоол энэ юм байлгүй дээ.
Хүн ямар нэг мэргэжлийг эзэмшээд тэр мэргэжлээрээ ажиллаж байгаа бол хийсэн шиг хийх хэрэгтэй гэж боддог учраас энэ олон жил, 80 гартлаа малын эмчээрээ ажиллаж байна. Мал эмнэлгийн үе үеийн олон хүнтэй хамтарч ажиллалаа. Тэр дундаа Өвөрхангай аймгийн Төгрөг сумын үе үеийн малын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран зүтгэж ирсэн. Нийгмээсээ, малчдаасаа, хамт олноосоо цаг үргэлж суралцаж өнөөдрийг хүрлээ. Түүнээс биш, гавьяат, баатар болж, аварга цол зүүх гэж ажиллаж байгаагүй. Ингэж явж байгаад улсын аварга мэргэжилтэн, тэр дотроо “Эмчилгээ, тэжээлийн цэг”-ээр аварга болчихсон байсан.
Одоо чих дүлий болсон болохоор
чагнуур бариад нэмэргүй, дуулахгүй. Гар, нүд, тархи гурваараа ажиллаж байна. Нэг
их юм хэрэглэхгүй, яасан ийснийг нь асуучихаад малынхаа гэдэс, уушги, цээжийг
нь бариад үзчихнэ. Тэгээд онош тодорно доо. Оношилж чадахгүй бол малын эмч
байгаад яахав. Малаа зөв оношилж байж эмчилнэ шүү дээ.
Хэлэхэд инээдтэй юм даа, манай малчид “Энэ малд нэг хүрээдхээрэй, таныг хүргэчихмээр байна” гэдэг юм. Миний гар хүрэхээр нөгөөх нь сэхдэг юм байх л даа.
-Мал эмнэлгийн салбарын хөгжил,
дэвшлийн талаар та ямар бодолтой байна вэ?
-Монголын мал
эмнэлгийн салбар дэлхийн мал эмнэлгийн жишгээр хувьсан өөрчлөгдөж, хөгжиж
өнөөдрийг хүрлээ. Миний анх малын эмч болж байсан 60, 70-аад оны үеэс тэс өөр
болжээ. Чагнуур, халууны шил хоёроос өөр юмгүй, баахан хуурай эмтэй л ажлаа
эхэлж байлаа.
Өнөөдөр багаж төхөөрөмж, лаборатори, сурах бичиг, гарын авлага бүгд байна. Харин залуу боловсон хүчин, тэр тусмаа малын эмч маш дутагдалтай байна. Манай суманд гэхэд ганцхан би л ажилладаг. Маргааш нүд анилаа гэхэд малын эмчгүй болох жишээний.
Би ажиллах хугацаандаа малын эмч бэлдэх
гэж оролдсон. Өөрийнхөө хэр чадлын хүрээнд зарим малын эмч, мэргэжилтнүүдийг
аргамжих ч гэж их хичээсэн. Хамгийн сүүлд гэхэд техникчийг нь бэлдэж өглөө. Түрүүчээсээ
тэтгэвэрт гараад дахиад дутагдалд орж байна. Уг нь ХААИС-ийн мал эмнэлгийн
ангийг мундахгүй л олон хүн төгсөж байх шиг санагдах юм. Тэгсэн хэрнээ энэ
салбар руу ирэх хүн алга. Малын хөлийн тоос, малчны хотонд ажилладаг малын эмч цөөдөж байна. Үүнийг нөхөх төр засгийн бодлого их дутагдаж байгаа юм болов уу даа. Миний
залуу байх үед малын эмч нарыг бодлогоор асар хүчтэй бэлтгэж байлаа.
Энэ жил нэг хүүхэд төгсөж ирнэ. Манай сумын хүүхэд байгаа юм. Түүнд л ажлаа өгч, зодог тайлна гэж бодож хүлээж сууна.
-Таны эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажлын сайхан нь юундаа оршдог вэ?
-Малын эмчийг хүн төрөлхтний эмч
гэдэг. Үнэхээр тийм. Хүнс эрүүл бол хүн эрүүл. Мал эрүүл байвал хүн эрүүл байна.
Ажил хүнийг голдог болохоос хүн ажлыг голох ёсгүй гэдгийг залуу, хойч үедээ би байнга
хэлдэг юм. Мал дагавал ам тосдоно. Мал дагаж яваа малын эмч хоосон хононо гэж байхгүй.
Харин малын эмч нар эрүүл мэндийн хувьд асуудалтай байдаг. Малаасаа бруцеллез өвчин авчихсан, насаараа зовж байгаа хүмүүс байна. Үе мөчний өвчтэй болж, зарим нь энэ өвчнөөрөө ертөнцийн мөнх бусыг үзсэн дээ. Би харин эсэргүүцэл сайтай байсан юм болов уу, аваагүй.
-Танд баярлалаа. Сайн сайхныг хүсье.
-Миний залуу байх үед ойг арав,
арван жилээр нь тэмдэглэдэг байсан. Харин сүүийн үед дэлхийн малын эмчийн өдөр,
ажилтны өдөр гэж тэмдэглэдэг болж. Монголынхоо нийт ажил мэргэжил нэгт малын эмч
нар, түүний дотор Өвөрхангай аймгийнхаа бүх малын эмч, мэргэжилтнүүдэд энэ
өдрийн мэндийг дэвшүүлье. Манай залуучууд улам сайн ажиллаарай. Мэргэжилдээ
улам нягтарч, над шиг олон жил уйгагүй ажиллаарай гэж хүсье.